Умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг товлолт вакцинд оруулахаар төлөвлөжээ



Эрүүл мэндийн яамнаас санаачлан Дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг 2023 оноос товлолт вакцинд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ вакцин нь дэлхий дахинд хамгийн үнэтэй вакцины тоонд ордог бөгөөд Монгол Улс НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр маш хөнгөлөлтэй үнээр 10.000 тун вакцин авах боломж бүрджээ. 
ДЭМБ-ын Эрдэмтдийн зөвлөлөөс 2022 оны дөрөвдүгээр сард зөвлөмж гарсан бөгөөд нэг  тун хийлгэсэн ч дархлал тогтоц 96-гаас дээш хувь байгаа тул нэг тунгаар хийх зөвлөмж гаргасан байна. 
ДЭМБ-ын 2021 оны мэдээгээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.5 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569 847 эмэгтэй өвчилж, 311 365 эмэгтэй энджээ. Монгол Улсад жилд дунджаар 300 орчим эмэгтэйчүүд умайн хүзүүний  хавдраар нас бардаг ба энэ өвчлөл тохиолдол, нас баралтын тоогоор тэргүүлж байна. Хавдраар эндэж буй 12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний  хавдраас шалтгаанаар хорвоог орхиж байна.  

Хэрэв охидын 90 хувь нь вакцин хийлгэж, эмэгтэйчүүдийн 70 хувь нь эрт илрүүлэгт хамрагдаж, умайн хүзүүний хорт хавдартай эмэгтэйчүүдийн 90 хувь нь эмчилгээнд хамрагдаж чадвал умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий дээрх анхны устгаж болох хорт хавдар байх боломжтой гэж ДЭМБ-аас зөвлөжээ.  

Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус (ХПВ) бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын 99.7 хувь нь ийм шалтгаантай. Умайн хүзүүний хорт хавдрыг хянах чиглэл, хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх ажил Монгол Улсад 2011-2012 онуудад эхэлж 10 мянга гаруй иргэн хамрагджээ. 
Вакциныг тухайн иргэний нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн 1-3 тунгаар хийсэн ба вакцин хоорондын зайг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 6-12 сар байхаар зохион байгуулж байв. Гэвч уг вакцины талаар ойлголтгүйгээс болж муйхарлан эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн дунд  хуурамч, нотолгоогүй мэдээлэл тарааснаас үүдэн иргэдийн вакцинжуулалт зогссон байдаг.

2019 онд Хавдрын үндэсний зөвлөлийн тэргүүн доктор Б.Цэцэгсайхан нарын судлаачид дээрх онуудад вакцин хийлгэсэн 10000  орчим иргэдэд дагах судалгааг хийж олон улсын томоохон сэтгүүлд хэвлүүлсэн  бөгөөд судалгааны үр дүнгээр 75-аас дээш хувиар вирусын халдвараас хамгаалж буй нь нотлогдсон бол 2011 онд энэхүү вакцинжуулалтыг хийсэн Их Британи улс умайн хүзүүний хавдрыг 95 хувь бууруулж чадсанаа өнгөрсөн онд зарлаад байна. 

Гэтэл вакцин эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүсийн буруу шатаа мэдээллээс болж өнгөрсөн онд гэхэд 157 эмэгтэй , сүүлийн  10 жилийн хугацаанд умайн хүзүүний хавдраар 2500 гаруй иргэд хорвоог орхисон нь харамсалтай. Одоогоор 4300 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын хяналтад байна. ХПВ-ийн эсрэг вакциныг дэлхийн 150 гаруй улс нэвтрүүлснээс 120 гаруй улс орон Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт тусган нэвтрүүлж эхэлсэн бол 2022 онд 13, 2023 онд 18 улс орон нэвтрүүлэхээр болжээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан