АНУ-д сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 20 мянга давжээ


АНУ-д сармагчны цэцэг өвчний тохиолдлын тоо 20 мянга давсан талаар тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлжээ. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдэж байгаа АНУ-ын Калифорни, Техас, Флорида, Жеоржиа, Иллинойс, Нью-Йоркт хамгийн олон тохиолдол илэрсэн байна. Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн өнгөрсөн долоо хоногийн тайланд АНУ-д халдварын тархалт саарч буй байдал ажиглагдаж байгаа талаар бичжээ.
Гэхдээ “АНУ болон бусад улс орнуудад тархалт саарч байгаа шалтгаан тодорхойгүй, буурах явц нь жигд биш байгаа тул өвчлөл буурах хугацаа, траектори зэргийг урьдчилан таамаглах боломжгүй байна” гэдгийг онцолсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэмжээнд сармагчны цэцэг өвчний шинэ тохиолдлын тоо буурчээ. Тодруулбал, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 25 хувиар буурсан байна. Халдварын тохиолдлын тоогоор АНУ, Испани, Бразил, Франц, Герман, Их Британи, Перу, Канад, Нидерланд, Колумби эхний 10 байрт жагсаж байна.
Өнгөрсөн долоо хоногт Америкийн бүсэд мөн халдварын тохиолдлын тоо буурсан ч тус бүс нутаг дахь халдварын тархалтын талаар тодорхой дүгнэлт хийхэд хүндрэлтэй байгаа талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейеусус мэдээлжээ. Тэрбээр хэлэхдээ, “Америкийн зарим орон халдварын тохиолдол нэмэгдэж байгаа талаараа мэдээлсээр байгаа бол зарим оронд гутаан доромжлох, ялгаварлан гадуурхалтаас шалтгаалан, мөн хамгийн их хэрэгцээтэй хүмүүст мэдээ мэдээлэл дутмаг байгаагаас үүдэн өвчлөлийн талаарх мэдээлэл бүрэн ирэхгүй байх магадлалтай байна гэжээ. Гэхдээ өмнө нь хэлж байсанчлан “өвчлөл буурах хандлага хүмүүсийн сонор сэрэмжийг сулруулдаг тул хамгийн аюултай үе болж болзошгүй байдаг” гэдгийг тэрбээр тодотгон хэлжээ. ДЭМБ сармагчны цэцэг өвчний дэлхий нийтийн эрүүл мэндэд учруулах эрсдэлийг дунд гэж дүгнэж байна.
Тус байгууллага долоодугаар сард уг өвчний дэгдэлттэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан бөгөөд сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчлөхөөр нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан