​Цахим эмч Б.Баярбямба: Хүн дараах дөрвөн дүрмийг баримталбал эрүүл байна


"Эрүүл монгол" буландаа Цахим эмч Б.Баярбямбыг урьж ярилцлаа. 

-Таны бэлтгэн хүргэдэг эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээ, мэдээлэл их олон хүнд хүрдэг, тиймдээ ч та Цахим эмч нэрээрээ олонд танигдсан. Танитай биечлэн уулзаж ярилцах боломж гарсанд баяртай байна. Эхний асуултаа Цахим эмч маань яг юуны эмч вэ гэдгээс эхлүүлье?  
-Би өөрийгөө хүний эмч гэж хэлэх дуртай. Орчин үед анагаах ухаан зүрхний, элэгний, бөөрний гээд чиглэл чиглэлээр нарийвчлан судлан хөгжиж байгаа. Манай нэг багш “Эмч нар хүнийг биш зөвхөн ганц эрхтэнг нь л эмчилдэг боллоо” гэж хэлж байсан. Үүний цаана хоёр төрлийн филисофи явж байгаа юм.
Уламжлал анагахын ухааны суурь бол хүний бие цогцсыг бүхлээр нь эмчилдэг. Хүн гэдэг утгаар нь хараад байх шиг байгаа юм. Харин европын анагаах ухаан матери талаас нь өвдсөний дараа анагаагаад байгаа юм. Тэр ч утгаараа өвдсөнийг анагаах ухаан гэж нэрлэдэг. Европ чиглэлийн анагаах ухаан нь эрхтэн тус бүрийг илүү нарийн судлаад, хөгжүүлээд, эмчлээд явдаг. Уламжлалт анагаах ухааныг тэжээхүйн ухаан гэж хэлж болно. Хүнийг өвдөхөөс өмнө тэжээн тэтгэдэг, ингэснээр тухайн хүн амьдралын чанар өндөртэйгээр урт удаан насална.  Миний хувьд энэ филисофитой илүү ойр байгаад байдаг. Харин европын анагаах өвдсөний дараа эмчлэх чиглэлээрээ нарийн хөгжсөн байдаг.
Тэгэхээр би бол хүний их эмч. Хүний биеийн махбодийн бодисын солилцоо, шим тэжээл, хоол зүй, спорт, амьдралын хэв маяг чиглэлд судалдаг. Харин ажиллаж байгаа салбар маань нийгмийн эрүүл мэнд байгаа юм.   
-Та их нийгмийн идэвхитэй, олон ажлыг зэрэг амжуулж байгаа харагддаг. Ажлаа ямар арга барилаар хийдэг вэ?
-Ажил, амьдралаа нэг хэмнэлд оруулахаас ер нь зайлсхийдэг. Тогтоол ус өмхийрдөг гэдэг шүү дээ. Шинийг сэтгэж, шинийг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлж байх нь чухал. Тиймд сардаа ядаж нэг удаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж, хүмүүст мэдээлэл өгөхийг хичээдэг. Энэ үйл маань намайг хөглөж, хурцалж, дараа дараагийн хийх зүйлтээ эрч хүч аваад явдаг.
Хүн дараах дөрвөн дүрмийг баримталбал эрүүл байна


-Хүн эрүүл аж төрөхөд юу хамгийн чухал байдаг вэ.  Эрүүл амьдрах зарчмын тухайд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Нэгд, эрүүл амьдрахад зөв хоололт чухал. Юу идэх нь чухал. Гэхдээ эхлээд  бага иддэг болох хэрэгтэй. Хөдөлгөөн хийж чадахгүй байлаа гэж бодоход хоолоо бага идэж байх хэрэгтэй.  
Хоёрт, гурил, төмс, будаа, сахарын хэрэглээ бууруулах хэрэгтэй. Монгол хүмүүс бууз, хуушуур, гурилтай шөл, цуйван, банш  гээд л байнга гурилын агууламжтай хоол хүнс хэрэглээд байдаг. Энэ нүүрс ус чинь таргалалт, судасны хатуурал үүсгээд байгаа  юм. Цаашлаад зүрх судасны өвчлөл, тархинд цус харвах эрсдэлийг бий болгоод байна. Нүүрс усны хэрэглээгээ багасгаад ашигтай өөх тосыг хэрэглэх нь чухал. Ашигтай өөх тос гэдэг нь сүүлний, өвчүүний өөх, өрөм зөөхийг хэлж байгаа юм. Түүнээс ханасан тос биш шүү. Ашигтай өөх тос хүний биед хамгийн шим тэжээлтэй гэдгийг анагаах ухаанд хүлээн зөвшөөрөөд эхэлчихсэн. Нэг хэсэг бол өөхийг хэлмэгдүүлчихсэн байлаа шүү дээ. Одоо бол өөхний тухайд цагаатгалын үе шат явж байх шиг байгаа юм.
Гуравт, дасгал хийе. Ялангуяа оффисын ажил хийдэг хүмүүс хоёр цаг тутамдаа дасгал хийж байх хэрэгтэй. Тамирчид, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн тухайд ч ялгаагүй хоёр цаг тутамд хөдөлж байх ёстой. Хоёр цаг тутамд хөдөлж байхгүй бол ямар ч бэлтгэл хийдэг байсан, ямар ч тамирчин байсан эрүүл мэндийн эрсдэл үүснэ. Хөдөлгөөнтэй байна гэдэг заавал цүнхээ үүрээд заал явна гэж ойлгож болохгүй.
Хөдөлгөөнгүй удаан сууснаар бага аарцгийн суурь булчингуудын сулрал, шээс задгайрах, шамбарам, нурууны суулт, булчингийн чангарал, нурууны шохойжилттой болоод байгаа юм. Бүр цаашлаад хөдөлгөөнгүй байдал нь тархи мэдрэлийн  цусан хангамжийг багасгаж мартаж, санах эмгэгүүд үүснэ. Ерөөс маш олон өвчний эхлэл суурь хөдөлгөөнгүй байхаас үүдэлтэй.  
Дөрөвт, сэтгэл санаагаа удирдаж сурах нь маш чухал. Өнөө өглөө гэхэд би хотын төвд нэг ажил зохицуулчихаад гараад ирсэн чинь зогсоолд долоон машин миний машиныг хаагаад зогсчихсон байсан. Машинаа гаргаж авахын тулд долоон хүн рүү залгаж байгаа юм. Тэгсэн миний машины өмнө машинаа тавьсан эмэгтэй гарч ирээд “бусад хүмүүс ээ дуудаач” гээд л над руу уурлаж байна. Тэгэхээр нь өөдөөс нь би уурлаагүй та яагаад уурлаад байгаа юм гэж хэлсэн. Магадгүй би өглөө эрт уурлаад эхэлсэн бол стресс үүсэж цаашлаад кортизол дааврын ялгаралтууд нэмэгдээд, ажлын бүтээмжгүй болоод дээрээс нь өдөржин бухимдах болно шүү дээ. Тэгэхээр аливаад хандах хандлага маш чухал. Стресс бухимдал нь бага багаар хуримтлагдаж явсаар эцэстээ бие мах бодид эмгэг өөрчлөлт оруулаад эхэлдэг. Зүрх өвддөг болно, бие мах бодийн бүтцийн хувьд биш мөртлөө сэтгэлзүйн хувьд орсон өөрчлөлт, эмгэгүүд бий болоод байдаг. Эрүүл биед саруул ухаан оршино. Нөгөөтэйгээр саруул ухаантай, сэтгэл амар амгалан байхад эрүүл бие орших гээд байгаа юм. Эрүүл биетэй байна гээд эм тан хэрэглээд байхаас гадна сэтгэл санаандаа бас давхар анхаарах ёстой юм. Хэт их сөрөг бодол төвлөрөөд байх тусам дааврын тогтолцоо, тархи мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт оруулна. Бие мах бодид өөрчлөлт бий болгоод эхэлнэ.
-Эрүүл амьдралд бага идэх нь чухал гэсэн. Мацаг барих тухай хэлж байна уу?
-Мацаг барих тухай ойлголт 2016, 2017 оноос эхлэн дэлхий нийтээрээ трэнд болж байгаа сэдэв юм. Гүүглийн хандалтуудыг судлаад үзэхэд 2016 оноос эхлэн эрс өссөн байгаа юм. Юутай холбоотой гэхээр 2016 оны  Физиологи, Анагаах ухааны Нобелийн шагналыг Японы эрдэмтэн Ёошинори Осуми-ийн судалгааны бүтээл мацагтай холбогдож байсан.  Энгийнээр хэлэх юм хүн хоолоо сойж мацгийн хэмнэлд орох үед хүний бие мах бодид идэвхигүй байгаа эсүүдийг ажиллагаанд оруулах, өөрийн дотоод нөөц энергийг гаргаж авах, дотоод зүйлүүд идэвхиждэг механизмыг хэлээд байгаа юм.   
Нобелийн шагналт эрдэмтэн Ёошинори Осуми мацаг барих тухай хэлэхдээ “Хүмүүс мацаг барих ихэссэн. Гэхдээ урт хугацаанд битгий бариарай” гэдгийг хэлсэн байгаа юм. Яагаад гэхээр хүмүүс 48, 72 цаг, зарим нь бүр 7 хоногийн мацаг бариад хэт туулшираад эхэлчихсэнтэй холбоотой. Удаан хугацаагаар мацаг барих нь ямар сөрөг нөлөөтэй гэхээр, хүний бие мах бодид хоол орж ирэхгүй болохоор  дотоод нөөцүүдээ задалдаг, удаан үргэлжлэх юм бол хүний биед хорт нэгдлүүд ялгарч эхэлдэг. Тиймд удаан хугацаагаар мацаг барих нь тийм ч тустай биш юм. Харин зохистой зөв зарчмаар мацаг барих үед эрүүлжиж байдаг.  Хүний бие махбодь өөрөө хөнгөн шингэн байгаа үед сэтгэл санаа ч, тархи мэдрэлийн тогтолцоо ч гэсэн сэргэг байдаг байна.  Ингэснээр эргээд бие махбодио дэмжээд явдаг.
-Дозыг нь тааруулбал эрүүл мэндэд тустай гэж байна. Мацаг барилтын хамгийн зөв зарчим юу вэ?
-Шинжлэх ухаанд  мацаг барилтын хамгийн зохистой харьцааг 16:8  гэж үздэг. 24 цагийн 16-д нь мацаг барихыг хэлээд байгаа юм. 16 цагаас 8 цагт нь унтаж байгаа, үүн дээр нэмээд 8 цаг сэрүүн байх үедээ хоолоо сойчих гэж байгаа. Өглөөний цайгаа ууж эхэлснээс хойш найман цагийн дараа идэж ууна гэсэн үг.  Энэ аргачлалыг хэрэгжүүлээд явбал  зөв хоололтын зарчим байгаа юм.   
Дараагийн нэг аргачлал 5:2 гэсэн зарчим байгаа юм. Долоо хоногийн таван хоногт нь иддэгээрээ идэж уугаад хоёр хоногт нь хөнгөн хоолло гэж байгаа юм.  Гэхдээ бүр мацаг барих биш хоёр хоногийн хугацаанд хөнгөн хоол сойлт буюу 500-600 кклори илчлэг авчих гэж байгаа юм. Их идсэний дараа нэг өнж гэдэг зарчим юм.  Мацаг барихад энэ хоёр зарчим л хамгийн үр дүнтэй бөгөөд амьдралд ойр аргачлал юм. Хэт их хоол хорихгүй, хэт  их стресстүүлж ачаалалд оруулахгүй, урт хугацаандаа хэрэгжүүлээд явах боломжтой хооллолтын зарчмууд байгаа юм. Мацаг барих нь ходоодоо хөнгөн байлгаж, эрүүл байна гэдэг л зарчим байгаа юм.    
-Ярилцсанд баярлалаа.   
itoim.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан