ЙЕРУСАЛИМ. /Evening Standard/. “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд хамрагдсан, хоёр дахь тунгаа саяхан хийлгэсэн хүмүүс коронавирусний шинэ “омикрон” хувилбараас хамгаалагдах төлөвтэй байна гэж Израилын Эрүүл мэндийн сайд Ницан Хоровиц мэдээлжээ.Түүний ярьснаар, вакцины үр дүнгийн талаарх урьдчилан мэдээллээс үзэхэд нааштай байдал ажиглагдаад байгаа бөгөөд “омикрон” хувилбарын эсрэг үзүүлэх үйлчлэлийнх нь талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээлэл ойрын өдрүүдэд бэлэн болох ажээ.
Хожим нь Израилын “Channel 12” телевиз “Pfizer”-ын вакцин “омикрон” хувилбараар халдварлан шинж тэмдэг илрэхээс 90 хувиар сэргийлэх төлөвтэй байна гэж хараахан батлагдаагүй байгаа мэдээллийг эш татан уламжилсан байна. “Jerusalem Post” сонинд мэдээлснээр, энэ үзүүлэлт нь “дельта” хувилбарын эсрэг уг вакцины үйлчлэлээс үл ялиг бага байна.
Мөн шинэ хувилбар нь “дельта”-гаас 1.2 дахин хурдан халдварладаг бололтой байгаа нь судлаачдын санаа зовниж байснаас хавьгүй доогуур байгаа аж.Израилын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хувьд олон нийтийн хэвлэлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэхдээ, “Channel 12” телевизээр цацсан мэдээлэл бидэнд байхгүй гэжээ.Израил нь “омикрон” хувилбар өргөн хүрээг хамран тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд гадаадын иргэдийг хилээрээ түр хугацаагаар нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаад байгаа юм.
“Pfizer”-ын вакциныг гарган авсан судлаачдын хувьд хүний бие дэх “Т” эсүүд тодорхой түвшинд халдвараас хамгаалах тул сандарч тэвдэхгүй байхыг олон нийтэд уриалж буй үед вакцины талаарх нааштай мэдээлэл ийнхүү гараад байна.
“BioNTech” компанийн хамтран үүсгэн байгуулагч, доктор Угур Сахины тайлбарласнаар, шинэ хувилбар вакцинжуулалтаар үүссэн эсрэг биетүүдээс ямар нэгэн байдлаар зугтсан ч хүндээр өвчлөхөөс сэргийлэх төлөвтэй байгаа ажээ.
Харин “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Банселийн хувьд одоогийн вакцинууд өмнөх хувилбаруудынхтай харьцуулахад “омикрон”-ы эсрэг сул үйлчлэл үзүүлэх магадлалтай байна гэх гутранги мэдэгдлийг энэ долоо хоногт хийгээд байгаа юм.
Гэхдээ шинэ хувилбар вакцинуудын үр дүнд хэрхэн нөлөөлөхийг бүрэн тодорхойлох судалгаануудыг дэлхий дахины судлаачид яаравчлан хийж байгаа бөгөөд эцсийн дэлгэрэнгүй дүгнэлт хараахан гараагүй хэвээр байна.
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг