Дэлхийн тэргүүлэгч вакцин үйлдвэрлэгч компаниуд өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африкт илэрсэн коронавирусийн “аюултай” төрөл болох “Омикрон”-д вакцин тэсвэрлэх арга замыг хайж эхэлсэн байна.
Эрдэмтдийн үзэж буйгаар, одоогийн бэлдмэлүүд хурдан мутацид ордог коронавирусийн шинэ хувилбарын тархалтад дорвитой нөлөөлж чадахгүй байж болзошгүй гэнэ. “Pfizer”-тай хамтран вакцин бүтээсэн Германы “BioNTech” компанийн мэдээлснээр, шинжээчид ирэх хоёр долоо хоногт шинэ хувилбарын сорьцыг авч, шинжлэн судалж, шаардлагатай тохиолдолд вакцины найрлагад өөрчлөлт оруулах аж.
Америкийн “Moderna” компани ч “Омикрон”-ы эсрэг үр дүнтэй нэмэлт вакцин гаргахаа мэдэгдэв. Эхэндээ B.1.1.529, дараа нь “Омикрон” хэмээх шинэ нэртэй болсон коронавирусийн шинэ хувилбарын тархалтад ДЭМБ санаа зовж байна.
Урьдчилсан таамгаар, “Омикрон”-ы олон төрлийн мутаци коронавирусийн эсрэг дархлааг тэсвэрлэж чаддаг бөгөөд одоогийн вакцины үр дүнг сулруулж, маш хурдтай тархдаг аж. Европын холбооны эмийн агентлаг шинэ вакцины хэрэглээний тухай мэдэгдэл хийхэд эрт байна гэв. “Pfizer/BioNTech” компани хэрэв бэлдмэлийн найрлагад өөрчлөлт оруулах шаардлагатай бол, “Омикрон”-д тохируулж хийсэн шинэ вакцин ойролцоогоор 100 хоногийн дотор бэлэн болгоно хэмээн мэдэгдлээ. Европт бүртгэгдээгүй байгаа “Novavax” бэлдмэлийг үйлдвэрлэгчид “Омикрон”-ы уургийн дээжийг ойрын хугацаанд олж авч шинжилгээ хийх болсноо зарлав.