Европын Эмийн агентлаг/EMA/“Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвлөмжийг пүрэв гарагт гаргажээ. Үүнд хүүхдүүдэд 10 микрограмм хэмжээтэй хоёр тун вакциныг гурван долоо хоногийн зайтай тарихаар заажээ. Насанд хүрэгчдийн хувьд 30 микрограмм тун вакцин хийлгэж байгаа юм.
Эцсийн зөвшөөрлийг одоо Европын Комисс гаргах бөгөөд тус байгууллагын хувьд ерөнхийдөө Эмийн агентлагийн зөвлөмжийн дагуу шийдвэр гаргадаг. Европын Холбоонд“Pfizer-BioNTech”-ийн вакциныг 2020 оны 12 дугаар сараас 16 болон түүнээс дээш насныханд, энэ оны тавдугаар сараас 12-15 насныханд тарьж эхэлсэн юм. Саяхнаас Европ дахин цар тахлын голомт болж, дэлхийн хэмжээнд илэрч буй халдвар авсан, нас барсан тохиолдлын тэн хагас орчим нь бүртгэгдэх болоод байгаа үед дээрх зөвлөмжийг гаргаж байна.
Өнгөрсөн сард “Pfizer-BioNTech” компанийн мэдээлснээр, “Comirnaty” вакцин нь эмнэлзүйн туршилтаар 5-11 насны хүүхдүүдэд 90.7 хувийн үр дүн үзүүлжээ. “Comirnaty” вакцины хүүхдүүдэд үзүүлэх ашиг тус нь эрсдэлээс давж байна, ялангуяа халдвар авсан тохиолдолд хүндээр өвчлөх магадлалтай хүүхдүүдийг энд онцлон дурдах нь зүйтэй” гэж Эмийн агентлаг мэдээлсэн байна. Одоогийн байдлаар АНУ, Канад, Израил, БНХАУ, Саудын Араб тэргүүтэй орнууд 5-11 юм уу түүнээс бага насны хүүхдүүдийг “COVID-19”-ийн вакцинд хамруулах зөвшөөрөл олгоод байгаа ажээ.