БЗД-ийн 11 дүгээр хороо буюу Хонхорын эмнэлэгт үүсээд байгаа асуудлын талаар уулзаж тодруулага авах гэж НЭМГ-ын дарга Б.Бямбадоржтой хөөцөлдөж, нарийн бичиг нь “Цаг авах хэрэгтэй”, “Өөрт нь хэлээд өгье”, “Дарга төсөв ярихаар явсан”, “Даргын дугаарыг өгч болохгүй, таны утасны дугаарыг өгчих үү” гэх зэргээр чулуу хөөлгөж байх зуурт Хонхорт дахин нэг хүн нас барчихлаа.
Энэ талийгаач бол бидний мэдэж буйгаар 6 дахь нь. Цаана нь мэдэгдээгүй хэдэн үхэл байгааг хэлж таашгүй. Товчхондоо бол Хонхорын эмнэлгийн даргын удирдах арга барил, эмчийн чадвар муугаас болж 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 5 сар гаруй хугацаанд 6 хүн нас барчхаад байгаа юм. Хатуухан хэлэхэд Хонхорын эмч нарын хариуцлагагүй, чадваргүй, харилцааны соёл, ёс зүйгүй үйлдлийн золиосонд 6 хүн зуурдаар явчихлаа.
Мэдээж энэ үг эмч, эмнэлгийн ажилтнуудад хатуу сонсогдох нь тодорхой. Тэгвэл хань ижил, үр хүүхдээ алдсан тэдний сэтгэл ямар байгаа бол.
Нийтлэлийн эхэнд ЭМГ-ын дарга Б.Баямбадоржийг цохон онцолсоны учир нь тус газраас Хонхорын эмнэлэгт шалгалтын баг томилсон ч үр дүн гараагүй. Очсон баг нь хувь хүний мэдээллийн нууцыг чандлан хадгалж чадаагүй учраас тухайн эмнэлэгт хагарал хуваагдал үүсч, эмнэлгийн удирдлагын тухай үнэнийг хэлсэн, чадвартай эмч нар нь халагдсан байдаг. Харин Гачуурт тосгоны эмнэлгээс А.Амаржаргал эмчийг дагаж ирсэн уламжлалтын эмч голдуу баг тэнд ажиллаж удаа дараа алдаа эндэгдэл гаргаж хүний амь нас хохирсоор байхад өнөөдрийг хүртэл чимээгүй байгаа учраас тийнхүү онцлон дурдсан хэрэг.
Олны ярьж буйгаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар А.Амаржаргал эмчийг "Сонгуульд сайн ажилласан" гэж шагнан Хонхорын эмнэлгийн даргын албан тушаалд авч ирсэн гэдэг.
Харин хармсалтай нь САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ гэгчээр тус эмнэлгээс үхэл ийнхүү салахаа байсан нь эмчийн ур чадвар муутай шууд холбоотой гэдгийг ард иргэд, талийгаач нарын ар гэрийнхэн ч хэлж байв.
Иймд Хонхорт чухам юу болоод байгаа талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танаас асууж, тайлбар хийхийг шаардаж байна.