COVID-19: Сэргээн засах эмчилгээг урт хугацаанд тасралтгүй хийлгэх шаардлагатай

Бие бялдар сэргээн засах нийгэмлэгийн 15 дахь удаагийн олон улсын "Цахим конференц-2021 “COVID-19 Халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээ” хурал, сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт боллоо. Коронавируст халдвараар өвчилж, эдгэрсэн хүн амын дунд халдварын дараах нөхөн сэргээн засах эмчилгээний асуудал хөндөгдөх болсон. Тухайлбал, эдгэрсэн иргэд халдварын үеийн хам шинжийг ужгирч үлдэхээс сэргийлэх, биед үүссэн сөрөг нөлөөллийг арилгаж, хэвийн амьдралдаа шилжихийн тулд тус эмчилгээг хийх шаардлагатай гэдгийг хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид онцолж байлаа.
 
О.БАТГЭРЭЛ: СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭГ УРТ ХУГАЦААНД ТАСРАЛТГҮЙ ХИЙХ НЬ ҮР ДҮНТЭЙ 
/Бие бялдар сэргээн засах нийгэмлэгийн тэргүүн, УГТЭ-ийн эрдэм шинжилгээний сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор/
 
-Өнөөдрийн үйл ажиллагааг ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар дэмжиж оролцлоо.  Манай улсад өнөөдрийн байдлаар 380 орчим мянган хүн "COVID-19"-өөр өвдөж, эдгэсэн гэсэн судалгаа гарсан. Харин "COVID-19"-ийн дараах хам шинж болох бие махбодын ядаргаа, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах өвөрмөц онцлог бүхий үр дагавруудыг урт хугацаанд тээж явах асуудал тулгарч байна. Энэ сөрөг үр дагавруудыг арилгахын тулд сэргээн засах эмчилгээг урт хугацаанд тасралтгүй хийх нь үр дүнтэй юм байна гэдгийг олон улсын жишгээс харж байна. Тиймээс Монгол Улсын  хүн амын дунд ч олон хүнд "COVID-19"-ийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг өргөн хүрээнд хийж явах  шаардлага бий болоод байна. Тиймээс энэ удаагийн сургалтаар олон улсын жишгээс туршлага судалж, санал солилцож байна.
 
Ш.АЛТАНЦЭЦЭГ: МАНАЙХААС ЖИЛД 20-30 СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНИЙГ СУРГАДАГ 
/Бие бялдар сэргээн засах нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга/
 
-Бие бялдар  сэргээн засах нийгэмлэг үүсэн байгуулагдаад 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллагын зүгээс эмч, мэргэжилтнүүдэд зориулж жил бүр эрдэм шинжилгээний хурлаа уламжлал болгон зохион байгуулдаг байсан. Сүүлийн үед коронавирус цар тахалтай холбоотойгоор цаг хугацаандаа хийж чадаагүй. Энэ удаа дэлхий нийтээрээ COVID-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр "COVID-19", Халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээ” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Сэргээн засах бол хөгжиж байгаа салбар. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд маш хэрэгцээтэй, нэн шаардлагатай салбарын нэг гэж хэлж болно. Энэ салбарын эмч болохын тулд  зургаан жил хүний их эмчээр мэргэжил эзэмшсэний дараа сэргээн засах эмчилгээний чиглэлээр хоёр жилийн хугацаанд суралцаж байна.  Энэ салбарт хүний нөөц дутагдалтай байдагтай холбоотойгоор манайхаас жилд 20-30 сэргээн засах эмч, мэргэжилтнийг сургаж бэлтгэдэг.
 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААР ӨВДӨӨД ЭДГЭРСЭН ИРГЭН: СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭГЭЭ САЙН ХИЙЛГЭВЭЛ ЭМ УУСНААС ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ БАЙНА 
-Улсын гуравдугаар төв эмнэлгийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг авч, ямар үр дүнтэй байгааг биеэрээ мэдэрлээ. Сэргээн засах эмчилгээгээ сайн хийлгэвэл эм ууснаас илүү үр дүнтэй байна. Энэ үйлчилгээг авснаар амьсгаадах, ядрах, хөлрөх шинж тэмдгүүд арилж, даралт тогтворжиж байна. Тиймээс сэргээн засах эмчилгээндээ сайн хамрагдаж байгаарай гэж хэлмээр байна.
Мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сэргийн засах эмчилгээний тасгийн амбулаториор коронавирусын халдварын дараах нөхөн сэргээх өдрийн эмчилгээнд хамрагдах боломжтой гэж байсан юм.
 
 
Н.Даян
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан