НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн булхай луйврын талаар Шадар сайдад гомдол иржээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадоржийн тухай гомдол мэдээлэл Шадар сайд С.Амарсайханд иржээ.
Тодруулбал,  НЭМГ-ын ажилчдын төлөөлөл Б.Бямбадоржтой холбоотой булхай, луйвар хийгээд төрийн албыг хувийн аж ахуй нэгж шигээ удирдаж, албан тушаалын халаа сэлгээ хийж байгаатай нь хатуу тэмцэхээ мэдэгдэж, ийнхүү Шадар сайдад хандсан байна.
Тус газрын ажилчдын төлөөлөл “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадорж нь томилогдон ажиллах есөн сарын хугацаандаа Засгийн газрын тогтоол, Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийг удаа дараа зөрчиж, халдвар дэгдэж байгаа энэ үед оновчгүй шийдвэр гаргаж, байгууллагын бүтцэд өөрчлөлт хийсээр байгаа тул төрийн албаны мэргэжилтнүүд бид хүлээн зөвшөөрч хамтран ажиллах боломжгүй гэж үзэн Захиргааны хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу доорхи гомдлыг гаргаж  байна. Үүнд. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын  2021.04.13-ны А/275 тоот захирамжаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын бүтцийг шинэчилэн баталсныг 2021.04.16-ны өдөр НЭМГ-ын хамт олонд цахим хурлаар гэнэт танилцуулсан болно. Танилцуулсан бүтцээр тус газар нь 2 орлогч даргатай, 54 албан хаагчтай, 8 хэлтэстэй болон өргөжиж нийт албан хаагчдын 19  нь удирдах албан тушаалтан болж, нэг хэлтэс гэхэд нэг дарга, нэг ахлах мэргэжилтэнтэй болох жишээтэй бүтэц хийснээ танилцуулав. Хуучин бүтцээр 5 хэлтэстэй байсан нь 8 болон өргөжиж,2 орлогч даргатай төрийн данхар бүтэц бий болгоод байна.
Энэ нь Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2 дахь заалт ”... шинээр ажлын чиг үүрэг албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр настны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх/-ыг зөрчиж байна гэж үзэж байна.
Шинээр томилогдож байгаа орлогч дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд нь төрийн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг мөн төрийн захиргааны удирдах албан тушаалтны ерөнхий болон тусгай шаардлага, төрийн албан тушаалд томилох журмыг хангахгүй байгаа нь төрийн алба мэргэшсэн байх, мерит зарчмаар дэвших гэсэн шаардлагад нийцээгүй. Иймд Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....төрийн албаны төв байгууллага өөрөө эсхүл иргэний гомдол мэдээллийн дагуу төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ” гэж заасны дагуу дээрх томилгоо болон НЭМГ-ын бүтэц үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж өгнө үү гэсэн гомдлыг Төрийн албаны зөвлөлд удаа дараа гаргав” гэжээ. Түүнчлэн Б.Бямбадоржийн хууль бус үйлдлүүд, эрх ашгийн зөрчилтэй гаргаж буй тогтоол шийдвэр, тендерийн асуудлыг мөн гомдол мэдээлэлдээ тусгасан тухай мэдээлэл байна. Цар тахалтай хүнд цаг үед ард олныхоо эрүүл энхийн төлөө ажиллах учиртай НЭМГ-ын удирдлага ийнхүү албан тушаалын халаа сэлгээ, тендерийн будлиан зэрэг асуудалд хамаг анхаарлаа хандуулж байгаа гэх энэ асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ.
С.БИЛГҮҮН
https://news.zindaa.mn/3wxd


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан