АстраЗенека вакцины III тунг хийсний дараа эсрэг биетийн түвшин 2-3 дахин нэмэгдэж байна гэх судалгаа бий

ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр улаан бүсэд ажиллаж буй ажилтнуудад коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг сайн дураар хийх үндэслэлийг тайлбарлав.
Тэрбээр "Вакцин хийсний дараах дархлал тогтцыг цусанд үүссэн эсрэг биетийн түвшинг хэмжиж үзэхээс гадна хүн амын дунд халдвар үүсгэж байгаа вирусийн омгийг эсийн үүсгүүрт ургуулж, түүнд дархлаажуулалтад хамрагдсан хүний ийлдэс хэр сайн саармагжуулж байгаагаар нь үнэлдэг.
Тэгвэл Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар АстраЗенека вакцины нэг болон хоёр дахь тунг хийлгэснээс хойш тогтсон эсрэг биетийн түвшин гурван сарын дараа буурдаг.
Харин гурав дахь тунг хийхэд эсрэг биетийн түвшин өмнөх түвшнөөсөө 2-3 дахин нэмэгдэж байна гэсэн үр дүн гарчээ.
Мөн вирусийг саармагжуулах идэвхийг үнэлсэн судалгаагаар АстраЗенека вакцины хожуу хоёр дахь тун болон гурав дахь тунгийн дараа үүссэн эсрэг биетийн хариу урвал альфа, дельта, бетта гэх коронавирусийн гурван хувилбарыг саармагжуулах идэвх нь өндөр байна гэсэн үр дүн гарсан байна.
Энэ нь АстраЗенека вакцины гурав дахь тунг хийх үндэслэл болж байгаа. Монгол Улс гурав дахь тунгийн судалгааг эхлүүлсэн ажиллаж байна" гэсэн юм.

"Төрийн албан хаагчдыг хүчээр гурав дахь тунд хамруулаагүй"

Түүнчлэн "Одоогоор дэлхий дахинд гурав дахь тунг өөр вакцинаар дархлаажуулах талын судалгаа хийгдэж байна. Энэ талаарх тодорхой үр дүн гараагүй бөгөөд вакцин үйлдвэрлэгчээс гурав дахь тунг өөр вакцинаар хийж болно гэх албан ёсны зөвлөмж өгөөгүй.
Монгол Улсын хувьд, зөвхөн АстраЗенека вакцин дээр гурав дахь нэмэлт тунгийн судалгаа хийгдэж байгаа.
Түүнээс гадна ХӨСҮТ дээр бусад вакцины гурав дахь тунг хийх эсвэл гурав дахь тунд өөр вакцин хийх эмнэл зүйн туршилт судалгаа эхэлсэн байна. Мөн вакцин хийлгэснээс хойш дархлааны түвшин хэр удаан үргэлжлэх талаарх судалгаа хийгдэж байгаа.
Олон улсад хийгдсэн судалгаанаас харахад дархлалын түвшин буурч байгаа гэх үр дүн байгаа болохоос бүр алга болсон дүгнэлт байхгүй.
Төрийн албан хаагчдыг хүчээр гурав дахь тунд хамруулаагүй. Өөрсдийнх нь сонголтоор буюу сайн дурын үндсэн дээр хамруулж байгаа.
Халдварын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа ажилтнуудаас АстраЗенека вакцины гурав дахь тунг хийлгэхийг өөрөө хүсвэл хийлгэж болно гэдгийг хэлье.
Мөн АстраЗенека вакцины нөөц тодорхой хэмжээнд байгаа ч тус вакцины нэг болон хоёр дахь тунг хийлгэсэн бүх хүнд гурав дахь тунг хийхэд хангалтгүй.
ДЭМБ-аас гурав дахь тунг хийх талаар зөвлөмж өгөөгүй. Өндөр хөгжилтэй хэдхэн улсад хийж эхэлсэн.
Гэвч манай улсад дельта хувилбарт коронавирусийн халдвар маш хурдацтай тархаж, гурав дахь давлагаа үүсэх эрсдэлтэй байгаа учраас урьдчилан сэргийлэх байдлаар тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, алба хаагчдад сайн дурын үндсэн дээр хийж байгааг дахин хэлье" хэмээн сэтгүүлчийн асуултад хариулав.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан