Эдгэрсэн хүмүүс Covid-19-ийн дараах синдромоор нас барж байна

Цар тахлын халдвар авч эдгэрсэн хүмүүсийн тодорхой хувьд оношлогдсоноос хойш сарын дараагаас шинж тэмдэг илэрч, өөр олон төрлийн өвчлөл бүртгэгдэж байгаа ажээ. “Covid-19-ийн дараах синдром” гэж нэрлэгдэж буй шинж тэмдэг, биеийн өвчлөл нь удаан хугацаанд үргэлжилж, нас баралт ч бүртгэгдсэн байна.
АНУ-ын эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр, даатгалын мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг “FAIR” ашгийн бус байгууллагаас 2020 оны хоёрдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын хооронд Covid-19 авч эдгэрсэн 1.96 сая хүний дунд судалгаа явуулжээ. Эдгэрсэн хүмүүст онош тогтоогдсоноос хойш сарын дараагаас цээжээр өвдөх, амьсгал хүндрэх, бие тавгүйрхэх, холестерин, цусны даралт ихсэх, ядарч сульдах, хоолой сэрвэгнэж ханиах, хараа, сонсгол муудах, сэтгэл гутралд орох, уцаартай болох зэрэг өвчлөл бүртгэгджээ.
Эдгэрсэн хүмүүсийн 18 хувьд нь онош батлагдсанаас 30 хоногийн дараа, эмнэлэгт эмчлүүлсэн хүмүүсийн 50 хувьд нь Covid-19-ийн дараах синдром илэрсэн илэрсэн байна. Түүнчлэн энэ синдром бүх насныхныг хамарч, дотор эрхтэний суурь өвчтэй хүмүүст илүү тохиолджээ. Харин хүйсийн хувьд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд өртөх нь их буюу 52 хувь нь эмэгтэй байсан аж.
Үүний зэрэгцээ Covid-19-өөр өвдсөн хүмүүсийн 0.5 хувь нь онош тогтоогдож, эсвэл эмнэлгээс эдгэрч гарснаас 30 ба түүнээс дээш хоногийн дараа нас барсан байна.
Иймээс эдгэрч эмнэлгээс гарсан хүмүүст сарын дараа эрүүл мэндийн үзлэг, туслалцаа үзүүлэх шаардлагатай байгааг тус байгууллага онцолжээ.
Тухайлбал, Жолене Виенеке гэгч халдвар авсан нь батлагдсанаас хойш дөрвөн сарын дараа Рочестер дэх Маяо эмнэлэгт албан ёсоор Covid-19-ийн дараах синдромоор оношлогдсон байна. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Covid-19-өөр оношлогджээ. Гэвч дөрвөн сарын дараа түүний биед янз бүрийн шинж тэмдэг илэрч, ажлаа хийж чадахгүйд хүрсэн байна. Түүнд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн бие тавгүйрхэх, зүрхний цохилт ихсэх, толгой дүүрэх, эргэх, өвдөх, хараа муудах, нойргүйдэх, арьс мэдрэг болох зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлсэн аж.
Эмч нар түүнд үрэвслийн эсрэг дэглэм барьж, илүү их шингэн зүйл ууж, давсны хэрэглээгээ бууруулж, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөсөн байна.
Одоогоор Covid-19-ийн дараах синдромыг эмчлэх тодорхой эмчилгээ байхгүй бөгөөд шинж тэмдэг тус бүрийн эсрэг болон биеийн дархлаа дэмжих арга хэмжээ авч байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: FRANCE-24, THE DAILY GLOBE
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан