ЛОНДОН. /RIA Novosti/. Германы эрдэмтэн “AstraZeneca”, “Johnson & Johnson” компаниудын вакциныг хийлгэсэн зарим хүмүүст цусны бүлэгнэл үүсдэг шалтгааныг тогтоосон талаар "Financial Times” сонин мэдээлжээ.Энэ өвчнийг гуравдугаар сараас хойш судалж байгаа Франкфурт дахь Гёте их сургуулийн профессор Рольф Маршалекийн тайлбарласнаар, дээрх компаниудын вакцин нь “SARS-CoV-2”-ын өргөс уургийг хүргэхийн тулд хоёулаа аденовирусний векторыг хэрэглэдэг бөгөөд энэ нь эрүүл эсийн цитозолын шингэн рүү бус харин цөм рүү нь чиглүүлдэг аж. Өргөс уургуудын зарим нь эсийн цөмд орсны дараа задарч, дархлаажуулалтын процесс явагдаж буй эсийн мембрантай холбогдож чадахгүй мутант хувилбаруудыг үүсгэж, энэ нь зуун мянгад нэг тохиолдолд цусны бүлэгнэл үүсэхэд хүргэдэг байна.
Судлаачийн тайлбарласнаар, вирусний рибонуклеины хүчилд суурилсан вакцинууд, тухайлбал, “Pfizer” эсвэл “Moderna”-гийн вакцинууд генетикийн материалыг эсийн шингэнд хүргэдэг байна. Энэ нь аюултай гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлдэг ажээ.
Хэрэв вакцин гарган авагчид өргөс уургийг задлахаас сэргийлж кодолдог генийн дарааллыг өөрчилж чадвал асуудлыг шийдэж болно гэж Германы эрдэмтэн үзэж байна.
Герман судлаач судалгааныхаа мэдээллийг Ланген дахь Пол Эрлихийн хүрээлэн болон тус улсын вакцинжуулалт, дархлаажуулалтын зөвлөх байгууллагад хүргүүлжээ.
Маршалекийн онол бол олон зүйлийн зөвхөн нэг нь бөгөөд түүний таамаглалыг батлахын тулд илүү олон нотолгоо шаардлагатай гэж зарим эрдэмтэн мэдэгдсэн байна.
Д.ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг