Сүүлийн үед вакцинжуулалт нэмэгдсэн, мөн цаг агаар улмаар дулаарч буйтай холбоотойгоор цаашид амны хаалтаа үргэлжлүүлэн зүүх шаардлагатай юу? үгүй юу? гэдэг асуулт зөвхөн Монголчууд бид төдийгүй дэлхий нийтийн дунд гарах боллоо. Үүнтэй холбогдуулан Хятадын Гуандун мужийн Халдварт өвчин судлалын газрын мэргэжилтнийг өгсөн зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Тэрээр юуны өмнө цаашид ч дэлхий даяар халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих хэрэгтэйг сануулсан юм.
Ер нь зөвхөн "Ковид-19 " ч биш, бүх төрлийн вакцины хамгаалалт 100%-д хүрэх боломжгүй бөгөөд дархлаа тогтоход тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай. Энэ нь хүн болгонд өөр өөр байдаг ажээ.
БНХАУ-ын Академич Жүн Наньшаний хэлсэнчлэн, аливаа улсын нийт хүн амын 75-85 хувийг вакцинжуулсан тохиолдолд эдгээр хүмүүст дархлаа тогтон, сүргийн дархлаа үүсэж, дархлааны хамгаалалт бий болдог. Бүх нийтийн вакцинжуулалт энэ түвшинд хүрээгүй тохиолдолд халдварын эрсдэл өндөртэй хэвээр байна. Дэлхийн хэмжээнд цар тахлыг ялах үе ирэх хүртэл эрхэм та вакцинаа тариуллаа ч гэсэн гараа сай угааж, амны хаалтаа зөв зүүн, агаарын солилцоо хийж, хүн хооронд нэг метрийн зайгаа барьсан хэвээр байх ёстой.
Лифт, супермаркет, зах, кино театр зэрэг битүү орчин, хүн ихтэй газар, нийтийн унаанд суух үед амны хаалтаа заавал зүүсэн байх хэрэгтэй. Харин ганцаараа машиндаа байх, хүн цөөн паркаар зорчих, талбайгаар алхах, унадаг дугуйгаар явах, гадуур дасгал хөдөлгөөн хийх зэрэг үедээ амны хаалт зүүхгүй байж болно.
Ханиалгах, найтаах зэрэг ханиад хүрсэн шинж тэмдэг мэдрэгдэх юм уу эсвэл халдварын эрсдэл ихтэй газарт очих, эмнэлэгт очиж эмчлүүлэх, өвчтөнийг эргэх үедээ заавал нэг удаагийн эмнэлгийн мэс заслын амны хаалт зүүх хэрэгтэй.
Мөн маскийг удаан зүүвэл арьс загатнах, хуурайших зэрэг сөрөг тал үүсдэгтэй холбогдуулан мэргэжилтэн зөвлөгөө өгчээ. Тодруулбал аюулгүй орчинд амны хаалт зүүх цагаа аль болох богиносгон, хөлсөө даруй арчих буюу эсвэл хөлөрч, амны хаалт чийгтвэл даруй солих хэрэгтэй. Мөн арьсаа байнга чийгшүүлэх, нүүрнийхээ арьсыг илүү сайн цэвэрлэх шаардлагатай.
Түүнчлэн амны хаалтынхаа дотор нь цаасан алчуурууд давхар хэрэглэхгүй байхыг онцолжээ.
н.Сарантуяа