Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2020.05.03/ сарын коронавирусийн талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Насанцэнгэл мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ“Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 1800-2000 гэсэн тусламжийн утас ажиллуулж байгаа. Энэ утсаар сэтгэцийн бухимдал, хямралтай хүмүүс зөвлөгөө авах боломжтой. Мөн тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн, тусгаарлалт байгаа иргэдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлж байна. Коронавирус өвчний үед сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай болдог. Тусгаарлалт, халдварын үед хүний сэтгэл санаа хямардаг, бухимддаг. Энэ нь энгийн хариу урвал гэж үздэг.
Хятадын эрдэмтдийн хийсэн судалгаагаар халдвар авсан хүмүүсийн 34 хувь нь сэтгэл түгшилттэй, 28 хувь нь сэтгэл гутралтай, нийт халдвар авсан хүмүүсийн 62 хувь нь сэтгэцийн өөрчлөлт гарсан байна.Тиймээс сэтгэлзүйн тал дээр илүү их анхаарах ёстой. Ялангуяа стресст өртөх магадлалтай хүмүүс хүүхэд, өндөр настан байдаг. Тиймээс эдгээр хүмүүс илүү их анхаарал, халамж шаардлагатай байдаг. Тухайлбал, хүүхэд эцэг эхээсээ салахгүй зууралдах, айдас түгшүүртэй болох, уйтгарлах, хар дарж зүүдлэх, орондоо шээх шинж тэмдэг илэрвэл сэтгэл гутралд орсон байна гэсэн үг. Тиймээс хүүхдэдээ илүү анхаарал хандуулах, шүүмжлэхгүй сонсох, ярилцах, тоглож цагийг хамт өнгөрөөх , цахим орчинд өнгөрөөх цагт нь хяналт тавих хэрэгтэй. Ялангуяа коронавирусийн энэ үед иргэд албан ёсны мэдээллийг сонсох, хэрэггүй, шаардлагагүй сөрөг мэдээллээс зайлсхийх, амьдралын хэвийн байдлаа хадгалах, өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжүүлэх шаардлагатай байгаа” гэлээ.
М.Баяр