Монгол Улсын захиалсан коронавирусийн эсрэг вакцины талаар бид юу мэдэх ёстой вэ

Манай улс коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, өнгөрсөн долоо хоногт баталсан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн. Үүний дагуу Pfizer, AstraZeneca, Moderna компанийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдөр бүртгээд байна. Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирнэ гэдгийг хэлсэн юм.
Тэгвэл Монгол Улсын захиалсан Pfizer, AstraZeneca, Moderna вакцины талаар та бидний заавал мэдэх мэдээллийг хүргэж байна. 
Pfizer/BioNTech ДЭМБ-ААС КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛНЭ ГЭЖ БАТАЛГААЖУУЛСАН АНХНЫ ВАКЦИН
Нийт зургаан улсын 43,5 мянга гаруй хүнийг хамруулж судалгаа хийсэн тус вакциныг Америкийн эмийн үйлдвэрийн томоохон компани болох “Pfizer” болон Германы “BioNTech” компаниуд хамтран гарган авсан. ДЭМБ-аас өнгөрсөн 2020 оны сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-нд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакцин хэмээн Pfizer/BioNTech вакциныг баталгаажуулсан. Гурав дахь шатны эмнэлзүйн туршилтуудын үр дүнд үндэслэн тус вакцин нь коронавирусийн халдвараас 90 хувийн үр дүнтэй хамгаалах чадвартайг зарласан. 
Хадгалах горим: Цельсийн -75 градуст хадгалах ёстой учир тээвэрлэлт хийхэд хэцүү. 
Үнэ: Нэг тун нь 19.5 ам.долларын үнэтэй.
Тун: 30 микрограмм хэмжээтэй хоёр тунг 21 хоногийн дараа тарина.
Насны ангилал: 16-гаас дээш насныханд хийхийг зөвшөөрнө.
Албан ёсоор зөвшөөрсөн орнууд: АНУ, Их Британи, Саудын Арав зэрэг дэлхийн 19 орон энэхүү вакцинаас худалдан авах хүсэлтээ өгчээ.
Үйлдвэрлэл: 2021 онд 2 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна. 
AstraZeneca ВАКЦИН ХАДГАЛАХАД ИЛҮҮ ХЯЛБАР, ИЛҮҮ ХЯМД ҮНЭТЭЙ НЬ 
Их Британийн Oxford-ын их сургууль болон Шведийн AstraZeneca компанийн хамтарсан вакцины боловсруулалт 2020 оны нэгдүгээр сард эхэлж дөрөвдүгээр сард хүн дээр туршиж эхэлсэн. Энгийн үед вакцин боловсруулахдаа 10 жил зарцуулдаг Oxford-ын их сургуулийн эрдэмтэд COVID-19-ийн вакциныг 10 сарын дотор гарган авсан. Вакцины туршилтад 20 мянга гаруй сайн дурынхныг хамруулсан бөгөөд AstraZeneca вакцин нь хүмүүст халдварын шинж тэмдэг илрэхээс 70 хувь хамгаалдаг болохыг эмнэлзүйн олон удаагийн туршилтын дүн харуулав. 
Хадгалах горим: AstraZeneca вакциныг олноор үйлдвэрлэж болох ба хадгалахад хялбар. Вакциныг Цельсийн 2-8 градуст хадгалах боломжтой. 
Үнэ: Цар тахлын үед үнэ нэмэхгүй гэж амласан AstraZeneca компани олон улсын эрүүл мэндийн байгууллага болон Засгийн газруудтай тохиролцож, нэг тунг нь 3-5 ам.доллараар үнэлсэн. 
Тун: Хоёр тунг 4-12 долоо хоногийн зайтай хийнэ.
Насны ангилал: 18 болон түүнээс дээш насныханд хийхийг зөвшөөрнө. 
Үйлдвэрлэл: 2021 онд 3 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна. Вакциныг Энэтхэг улсад үйлдвэрлэнэ.
Moderna ВАКЦИН COVID-19-ИЙН ЭСРЭГ 95 ХУВИЙН ҮР ДҮНТЭЙ 
АНУ-ын биотехнологийн Moderna компанийн боловсруулсан шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг mRNA-1273 вакцины гуравдугаар шатны клиникийн туршилтын үр дүн 94.5 хувьтай гарсан. АНУ-д явуулсан уг вакцины туршилтад 30 мянган хүн оролцсон бөгөөд туршилтад оролцогсдын тал нь вакцины хоёр дахь тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийлгэжээ. Эхний 95 хүнд хийсэн ажиглалтын үр дүнг гаргасан бөгөөд тэдгээрээс тав нь Covid-ийн халдвар авсан байна. Тиймээс вакцины хамгаалах чадварыг 94.5 хувьтай гэж дүгнэжээ. 
Хадгалах горим: Цельсийн -20 хэмд буюу гэрийн хөлдөөгчтэй ижил хэмд хадгалах боломжтой. 
Үнэ: Moderna зарим үйлчлүүлэгчдэд вакциныхаа нэг тунг 32-37 ам.доллараар үнэлсэн. Захиалгын хэмжээнээс хамааран вакцины үнэ буулгах хэлэлцээр хийх боломжтой гэдгийг компанийн зүгээс мэдээлсэн.
Тун: 100 микрогамм хэмжээтэй хоёр тунг 28 хоногийн зайтай хийнэ. 
Насны ангилал: 18 болон түүнээс дээш насныханд хийхийг зөвшөөрнө. 
Үйлдвэрлэл: 2021 онд 1 тэрбум тунг үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна. 
COVID-19-ИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИНЫ ГАЖ НӨЛӨӨ БУЮУ ҮХЭЛД ХҮРГЭСЭН ТОХИОЛДЛУУД 
АНУ, Герман, Норвеги, Канад, Их Британи, Франц, Израиль, Саудын Араб зэрэг олон улсад коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалт өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээс эхэлсэн билээ. Тэгвэл Moderna болон Pfizer/BioNTech вакциныг хийлгэсэн хүмүүс нас барах, нүүрний саажилт бий болох зэрэг тохиолдлууд бүртгэгджээ.
Тухайлбал Норвегид Pfizer/BioNTech вакцин хийлгэсэн 23 хүн нас баржээ. Норвегийн эмийн агентлагаас 13 хүний цогцосонд шинжилгээ хийж үхлийн шалтгааныг тодорхойлсон байна. 2020 оны сүүлээр Норвегийн Засгийн газар Pfizer/BioNTech вакцины 21 мянган тунг хүлээн авч нэн тэргүүнд Осло хотын асрамжийн газар байгаа өндөр настай хүмүүсийг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн юм. Тэгвэл Норвегийн эмч нарын хийсэн шинжилгээгээр вакцин хийсний дараа халуурах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг нь хууч өвчтэй өндөр настай хүмүүсийг үхэлд хүргэж байна гэсэн дүгнэлтийг хийжээ. 
АНУ-д Pfizer/BioNTech болон Moderna вакцинуудыг хийлгэсэн 55 хүн нас барсан байна. Тэдгээрийн нэг нь АНУ-ын Флорида мужийн нэгэн эмнэлэгт эх баригчаар ажилладаг байсан эмч Грегори Майкл Pfizer вакцин хийлгэснээс хэдэн долоо хоногийн дараа амиа алдсан. New York Post сонинд бичсэнээр 56 настай эмчийн үхлийн шалтгаан нь цус харвалт байсан гэв. Грегори Майкл вакцин хийлгэснээс хойш хэд хоногийн дараа түүний биед улаан толбонууд бий болж эхэлсэн бөгөөд энэ нь дотоод цус алдалт бий болсон гэдгийг илтгэжээ. Үүний дараа тэрбээр даруй эмнэлэгт хандсаны хоёр хоногийн дараа нас баржээ.
Польш улсад вакцин хийлгэсний дараа 37 хүнд гаж нөлөө мэдрэгдсэн байна. Эдгээрийн 32 нь хөнгөн, 4 нь дунд, 1 нь хүнд хэлбэрийн гаж нөлөө үзүүлсэн гэж Польшийн Эрүүл мэндийн сайд Адам Недзиельский мэдэгдэв.
Түүнчлэн Израильд Pfizer/BioNTech вакцин хийлгэсэн 13 хүнд нүүрний мэдрэлийн саажилт үүссэн тохиолдол бүртгэгджээ. 
Вакцин практикт хэрэглэгдэх зөвшөөрөл өгөхөөс өмнө аливаа вакцины чанар, аюулгүй байдлыг нь туршилт шинжилгээний олон шат дамжлага дамжуулан нягтлан магадлаж, улмаар зах зээлд гарсных нь дараа ч гэсэн чанарын хяналтыг тогтмол давтамжтай хийдэг. Мөн түүнчлэн тухайн вакцинтай холбоотой гарсан аливаа урвал, гаж нөлөөг судлаачид олон төрлийн мэдээллийн эх үүсвэр ашиглан байнга хянаж байдаг. Вакцины урвалын дийлэнх нь тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн явцтай эсвэл түр зуурын шинжтэй байдаг. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болох бөгөөд энэ үед тухайн тохиолдлыг нэн даруй судлан шинжилдэг.
ЭХ СУРВАЛЖ: GOGO.MNскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан