Цар тахал: АНУ-д халдвар эрчтэй нэмэгдэж, Британид хөл хориог улам чангатгана

Дэлхий дахиныг хамарсан цар тахал намжих шинжгүй, халдвар авсан хүнийн тоо нэгдүгээр сарын дөрөвний өглөөний байдлаар 85 саяыг давжээ. 
 
Коронавирусийн халдварын тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй АНУ-д дахин дээд үзүүлэлтүүд бүртгэгдэж, хоногт 300 мянган халдвар шинээр илэрснээр нийтдээ халдварын тохиолдол 20 саяыг давсан байна. Харин энэ тоон үзүүлэлттэй Дональд Трамп санал нийлэхгүй байгаа гэнэ. 
 
"Хятадын вирусийн халдварын тохиолдол болон түүнээс үүдсэн нас баралтын тоог АНУ-д тооцооллын арга буруу байгаагийн улмаас бусад орнуудтай харьцуулахад хэт өндөр харагдуулж байна. Ихэнх улс орнууд зориудаар тоон үзүүлэлтээ буруу мэдээлж, дарж байгаа. Бүгд л хуурамч мэдээлэл" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
 
Дэлхийн өнцөг булан бүрт нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед Японы Засгийн газар Токио болон энэ хотын зэргэлдээх гурван мужид онц байдал тогтоох эсэхээ ойрын өдрүүдэд шийдэхээр болсон байна. Энэ улсад цар тахал дэгдсэнээс хойш халдварын нийт тохиолдол 242 мянга гаруй бүртгэгджээ.
 
Турк улс ч хязгаарлалтын арга хэмжээнүүдээ чангатгаж байна. Энэ нь тус улсад Британид илэрсэн шинэ штаммын халдварын 15 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой юм. Турк улсад Британиас ирсэн 15 хүнээс шинжилгээ авахад коронавирусийн хувьссан штамм илэрсэн бөгөөд одоо тэд тусгаарлалтад байгаа аж.
 
Харин хувьссан штамм анхлан илэрсэн Их Британид өдрөөс өдөрт таагүй дээд үзүүлэлтүүд бүртгэгдэн, хоногт илрэх коронавирусийн халдварын тоо 57 мянгыг даваад байна. Дэлхийн улс орнуудаас хамгийн чанга хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлж байсан энэ улсад шинэ штамм илэрсэнтэй холбоотойгоор арга хэмжээг дахин чангатгахаар төлөвлөж байгаа аж.
 
"Биднийг хүндхэн өдрүүд хүлээж байна, зарим бүс нутгуудад арга хэмжээнүүдийг улам чангатгана. Би үүнтэй хэдийнэ бүрэн эвлэрсэн, түүнчлэн ингэх шаардлагатай гэдэгтэй манай орны хүмүүс ч эвлэрнэ гэж найдаж байна" хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ.
 
Энэ зуур хөл хорионоос залхсан хүмүүс эрүүл мэндээ эрсдэлд оруулан, нууцаар төрөл бүрийн арга хэмжээнд оролцсоор байна. Тухайлбал Испанхийн Каталонид шинэ жилийн баярын өдрүүдэд хөлөг онгоцон дээр 36 цаг үргэлжилсэн үдэшлэг зохион байгуулжээ. Хөл хориог зөрчин олон нийтийг ийнхүү нэг дор цуглуулан, нууцаар арга хэмжээ зохион байгуулсан этгээдүүдийг шүүх хурал өнөөдөр эхлэх аж. 
 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан