Дэлхий даяар тархсан цар тахлын нөхцөл байдал хойд хөршид улам хүндэрч байна. Өнгөрсөн ням гаригт ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр хоногт 10 мянга гаруй халдварын тохиолдол илэрчээ.
Энэ нь тус улсад тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Ням гаригийн орой Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ОХУ-ын нийслэл Москва хотод хоногт 35 хүн нас барснаар нөхцөл байдал хамгийн хүнд байгаа энэ хотод нас баралтын тоо 764 болжээ. Харин халдвар тархснаас хойш ОХУ даяар нийтдээ 1280 хүн нас барсан байна.
Хоногт ийнхүү халдвар авсан хүний тоо асар ихээр бүртгэгдсэн нь оношлуурын тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж Эрүүл мэндийн яамны ерөнхий ерөнхий зүрхний эмч Сергей Бойцов өгүүлсэн байна. Мэдээж хөл хорионы дэглэмийг хүн бүр мөрдөхгүй байгаа нь ч үүнд нөлөөлсөн гэж тэрбээр үзжээ.
"COVID-19 вирусийн халдварын тоо өссөн гол шалтгаан нь оношлуур нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Түүнчлэн бусад бүс нутгуудад тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Гэхдээ үүний зэрэгцээ иргэд тэр бүр хариуцлагатай байж чадахгүй байгаа нь ч үүнд нөлөөтэй. Миний бодлоор хөл хорионы арга хэмжээ илүү хатуу, журам зөрчсөний төлөөх хариуцлага илүү өндөр байх ёстой" хэмээн тэрбээр өгүүлснийг Оросын Эрүүл мэндийн яамны цахим хуудас дамжуулжээ.
Вирустэй тэмцэх үеэр 91 эмч амиа алдлаа
ОХУ-ын томоохон хотуудад нөхцөл байдал хүндэрсээр байгаагийн нэг нь Санкт-Петербург хот юм. Энэ хотод ням гаригийн байдлаар хоногт 28 хүнээс халдвар илэрсэн бол Сэтгэцийн эмнэлгийн 16 ажилтан мөн COVID-19 вирусийн халдвар авсан нь тогтоогджээ.
Үүнээс өмнө Санкт-Петербургийн хэд хэдэн эмнэлгүүдэд Сovid-19 вирусийн халдвар илэрсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байв. Тэр дундаа Оростоо томоохонд тооцогддог Вредений нэрэмжит гэмтэл согог, ортопедийн хүрээлэн COVID-19 вирусийн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон юм. Энэ эмнэлэгт 300 орчим өвчтөн болон эмнэлгийн ажилтан вирусийн халдвар авчээ.
ВВС агентлагийн мэдээлснээр,ням гаригт дээрх эмнэлгийн асрагч 54 настай эмэгтэй нас барсан байна. Ингэснээр Санкт-Петербург хотод коронавирусийн улмаас нас барсан эмнэлгийн ажилтны тоо 10 болжээ.
Тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Москва болон Москва мужид 43 эмнэлгийн ажилтан нас барсан байна. COVID-19 вирустэй хийх тэмцэлд амь насаа алдсан мэргэжил нэгтнүүдээ хүндэтгэх үүднээс Оросын эмч нарын гаргасан "Дурсгалын жагсаалт"-д нийтдээ 91 хүний нэр багтжээ.
Ирэх сард тавих найдлага
Ирэх зургаадугаар сард COVID-19 вирусийн халдварын шинэ тохиолдлын тоо буурч магадгүй гэж Оросын Эрүүл мэндийн яамны ерөнхий тахал судлаач Николай Брико өгүүлжээ.
"Сүүлийн үед халдварын тархалтын явц зарим талаар буурч байгаа нь ажиглагдах болсон. Өнгөрсөн сард халдварын тохиолдол 27 хувь байсан бол тавдугаар сарын нэгний өдрийн байдлаар 6,9 хувь болсон буюу өөрөөр хэлбэл дөрөв дахин буурсан гэсэн үг. Ирэх сард өвчлөлийн тоо буурч, тогтворжих байх" хэмээн Брико "Парламентская газета" сонинд ярьжээ.
Гэхдээ цар тахал маш хурдан алга болохгүй, шинэ өвчлөлийн хувь нэг хувиас бага болсон үед л тахлын явцын мөчлөг дууслаа гэж ярьж болно хэмээн тэрбээр онцолсон байна.
Хөл хориог чангатгаж болзошгүй
Оросын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин тахлын аюул нэмэгдвэл нийслэлд авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг улам чангатгаж болзошгүй талаар мэдэгдсэн байна.
"Аюул занал олж харвал нэг ч хором эргэлзэхгүйгээр хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгана" хэмээн Собянин мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, шаардлагатай тохиолдолд оршин суугчдад гэрээсээ гарах зөвшөөрөл өгдөг тоон үнэмлэх олгохыг багасгаж болзошгүй гэнэ.
"Зам, метрон дахь хүний урсгалыг багасгах шаардлагатай болвол тоон үнэмлэх олгохоо багасгана. Үнэмлэх олгох болон үнэмлэхээр зорчх хөдөлгөөнд тавигдах хяналтыг чангатгана" хэмээн Собянин мэдэгджээ.
Өнгөрсөн сарын 15-наас эхлэн москвачууд гагцхүү цахим үнэмлэхтэй тохиолдолд л гэрээсээ гарах боломжтой болсон бөгөөд цахим үнэмлэх буюу QR кодыг ажилдаа явах, эмнэлэгт очих, "бусад зорилгоор" гадагш гарах гэсэн гурван төрлөөр олгож эхэлсэн байна.
Г.Бямбасүрэн