Ойрын хавьтал болон дам хавьтлын 219 хүнээс нэмж халдвар илрээгүй

ЭМЯ-наас коронавирусийн үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өглөө бид мэдээлэл хийснээс хойш шинжилгээ тандалтыг үргэлжлүүлж байна. Ойрын хавьтлын 73 хүнээс нэг тохиолдол илэрсэн. Үлдсэн шинжилгээг хийж дуусгалаа, коронавирус илрээгүй. Илэрсэн нэг тохиолдлын ойрын хавьтал 36 хүнийг,  хоёр дахь хавьтал 219, нийт 318 хүнээс шинжилгээ тандалт судалгаа хийж байна. Одоогоор 219 хүнд коронавирус илрээгүй байна” гэв.
УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "УОК-ийн шуурхай штаб өнгөрсөн хугацаанд 116 удаагийн тусгай нислэг үйлдэж 20582 иргэнээ татан авсан. Мөн хилийн боомтоор 6599 хүнийг зохион байгуулалттай татан авсан. Одоогийн байдлаар нийлбэр дүнгээр 27181 иргэнийг Монгол Улсад татан авч тусгаарлах ажиллагааг зохион байгуулсан.
Арваннэгдүгээр сард дөрвөн нислэг үйлдэж 602 иргэн эх орондоо ирсэн. Улаанбаатарт 18 тусгаарлах байранд 1416 иргэн байгаа" гэлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга  Д.Нарангэрэл “Иргэд мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөгөөг даган тодорхой хугацаанд дагаж мөрдөхийг хүсье.
Зөвхөн хүнсний худалдааны төв ажиллаж байгаа. Ингэхдээ амны хаалт заавал зүүх, гар ариутгагч авч явах, хүн хоорондын зай барих, бага насны хүүхэд авч явахгүй байх хэрэгтэй. Үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа хүмүүс амны болон нүүрний хаалт байнга хэрэглэн гараа байнга ариутган аль болох биеийн эрүүл мэндэд анхааран иргэдийг олон бараанд зэрэг хүргэхгүй, амталгаат худалдаа хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Эмч нар айл өрхөөр яван зайлшгүй тандалт судалгааг хийж байгаа учраас иргэд айл өрх, хашаа байшингийн зургийг нийтийн сүлжээнд тавихгүй, иргэдийг айдаст автуулахгүй байхыг хүсэж байна" гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан