Дархлаа тархитай ямар холбоотой юм бол

Японы сэтгэл судлаачид чөмөг шилжүүлэн суулгах замаар солио өвчтэй (шизофрени) хүнийг эмчилсэн ер бусын тохиолдлын талаар шинжлэх ухааны “Frontiers in psychiatry” сэтгүүлд өгүүлжээ. Дашрамд хэлэхэд, уг нийтлэл гарснаар зохиогчдод сэтгэл мэдрэлийн өвчнийг суурь өвчнийх нь хамт санаандгүй эмчилсэн тохиолдлуудын талаар захидал ирэх болжээ. Бүтэн жил өнгөрсний дараа эрдэмтэд юу болсныг ойлгосон гэнэ.
ЕР БУСЫН ТҮҮХ
Өвчтөн Н 24 настайдаа дэмийрч эхэлжээ. Толгойд нь төрсөн янз бүрийн санаа бодлыг бусад хүн харж байгаа мэт санагддаг байж. Кино үзэхээр жүжигчид нь түүнтэй холбоо тогтоохыг оролдож янз бүрийн нууц дохио зангаа үзүүлээд ч байх шиг санагддаг аж. Улмаар тэрбээр бухимдуу, тэвчээргүй, унтдаггүй нэгэн болжээ. Сэтгэцийн эмч Цүёши Мияока өвчтөн Н-д солио өвчтэй гэсэн онош тавьж, курс эмчилгээ бичсэн аж.
Гэвч тусыг эс үзүүлэв. Жилийн дараа өвчтөний бие дордож, түргэн ядарч, амьсгаа нь давчдаж, халуурах болжээ. Ээлжит шинжилгээгээр Н өвчтөн цусны хорт хавдрын нэг төрөл болох нугасны цагаан эсийн хорт хавдар хурц хэлбэртэй илэрсэн гэнэ.
Донор олдож, мэс засал амжилттай болов. Тэр үед гайхамшиг тохиож, өвчтөн эрэгтэйн сэтгэцийн өвчин, айдас түгшүүр алга болсон байна. Түүний солио өвчин ул мөргүй болсон байжээ. Эхлээд эмч нар түр зуурын үзэгдэл байх, өвчин удахгүй илэрнэ гэж боджээ. Гэвч хэдэн жил өнгөрөхөд Мияока эмч эм уухаа больсон өвчтөнд нь солио өвчний ямар ч шинж тэмдэг байхгүй болсныг нотолсон байна.
НУУЦЛАГ ХОЛБОО
Чөмөг шилжүүлэн суулгасан нь өвчтөний дархлааны тогтолцоог бараг бүрэн шинэчилжээ. Химийн эмчилгээ тунгалгийн хуучин эсүүдийг устгаж, шинээр төлжсөн аж. Мэдээжийн хэрэг, ганц тохиолдлоор дүгнэж болохгүй бөгөөд өвчтөн Н-д мэс заслын өмнө болон дараа уулгасан эмүүд ч тус болсныг үгүйсгэхгүй. Гэхдээ сэтгэцийн байдал дархлааны тогтолцоотой ямар нэг байдлаар холбоотой болохыг өвчтөн илааршсан нь харуулж буй.
Энэ бол ер бусын таамаг бөгөөд эцсийн эцэст бидний дархлаа тархитай ямар холбоотой юм бол? Гэхдээ улам олон судлаач тийм уялдаа холбоо байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ салбарын анхны ажиглалтыг 100 гаруй жилийн өмнө хийсэн байна. XIX зууны эцсээр эмч нарын тэмдэглэснээр, сэтгэцийн эмнэлэгт ханиад, томуу дэгдэж, халуурах үед өвчтөнүүдийн сэтгэл, мэдрэл сайжирдаг гэнэ.
Австрийн эмч Юлиус Вагнер-Яурегг шинэ арга сэдэж, өвчтөнүүдээ хүчтэй халууруулахын тулд тэдэнд хумхаа өвчин халдаажээ. Зарим өвчтөн нас барсан ч олонх нь сэтгэцийн өвчнөөс ангижирсан гэдэг. Энэ нээлтээрээ Юлиус эмч 1927 онд Нобелийн анагаах ухааны шагнал хүртсэн.
...Хүний дархлааны тогтолцоо нь хувиран өөрчлөгдсөн эсүүдийг бие даан хайгаад, тэдгээрийг олшруулалгүй устгадаг. Гэвч хорт хавдрын эсүүд байгалийн эл хамгаалалтыг давах арга олсон учраас хүний биед түргэн өсдөг. Ингэхдээ дархлааны эсүүдийг “тайвшруулах”, эсвэл “саатуулах” механизмыг идэвхжүүлэх замаар өсдөг аж...
Хумхаа өвчин халдаадаг эмчилгээг эрсдэлтэй хэмээн 1950-иад оноос хэрэглэхээ болсон гэнэ. Өөр нэг жишээ нь, солио өвчтэй эмэгтэй цусны халдвар авч, өндөр халуурсны дараа бүрмөсөн эдгэрсэн тохиолдол хоёр жилийн өмнө бүртгэгджээ.
Дашрамд тэмдэглэхэд, эсрэг тохиолдол ч гарсан гэнэ. Нидерландад цусны хавдартай өвчтөнд шидофренитэй ахаас нь чөмөг шилжүүлэн суулгажээ. Түүний хорт хавдар эдгэрсэн ч солио өвчтэй болжээ. Ийм тохиолдол маш ховор ч өнгөрсөн 10 жилд дэлхийн хэмжээнд 10-аад ажиглагдсан байна. Тиймээс эрдэмтэд сэтгэцийн өвчин дархлааны системтэй ямар холбоотой болохыг идэвхтэй судалж буй.
Жон Хопкинсын их сургуулийн мэдрэлийн вирус судлалын салбарын профессор Роберт Йолкений хэлснээр, солио өвчтэй хүмүүсийн гуравны нэгд дархлааны тэнцвэрт байдал алдагдсан шинж тэмдэг илэрдэг. “Сэтгэцийн хүнд хямралын үед дархлааг идэвхжүүлэх нь ийм өвчний судалгааны хамгийн сонирхолтой шинэ чиглэл” гэж профессор Роберт Йолкен хэлснийг “New York times” сонин эш татжээ.
ДАРХЛААГААР ДАМЖУУЛАН ХОРТ ХАВДАР ЭМЧЛЭХ АРГА НОБЕЛИЙН ШАГНАЛД ХҮРГЭВ
Хорт хавдрыг Т-тунгалгийн эс ашиглаж, дархлаагаар дамжуулан эмчлэх арга олсон Америкийн эрдэмтэн Жеймс Аллисон, Японы эрдэмтэн Тасүкү Хонзё нар Нобелийн анагаах ухааны салбарын 2018 оны шагнал хүртэх болсон. “Энэ хоёр эрдэмтний нээлт хорт хавдартай хийж буй тэмцэлд эргэлт хийлээ” гэж Нобелийн хорооноос дурджээ. Аллисон, Хонзё нарын боловсруулсан эмчилгээний арга нь хорт хавдартай өвчтөнүүдийн зарим бүлгийнхний өвчиндөө хандах хандлагыг үндсээр өөрчилснийг ВВС онцлов.
ЭСИЙГ ХУУРДАГ
Хүний дархлааны тогтолцоо нь хувиран өөрчлөгдсөн эсүүдийг бие даан хайгаад, тэдгээрийг олшруулалгүй устгадаг. Гэвч хорт хавдрын эсүүд байгалийн эл хамгаалалтыг давах арга олсон учраас хүний биед түргэн өсдөг. Ингэхдээ дархлааны эсүүдийг “тайвшруулах”, эсвэл “саатуулах” механизмыг идэвхжүүлэх замаар өсдөг аж. Тэгэхлээр эрүүл биед дархлааны хариу үйлдэл хүчтэй байдаг.
Аллисон болон Хонзё хорт хавдрын эсүүдийг хуурч, тэдгээрт дархлааны хариу үйлдлийг зогсоох боломж олгохгүй байх арга боловсруулжээ. Энэ нь эмчилгээнд жинхэнэ хувьсгал болж, эм бэлдмэлийн бүхэл бүтэн шинэ ангиллын үндэс суурийг тавихад хүргэсэн байна. Тэдний гаргаж авсан эмүүдэд сөрөг нөлөө багагүй бий ч хавдартай тэмцэхэд үр дүнтэйг нотолсон аж. Урьд нь эмчлэгдэхгүйд тооцогддог байсан хорт хавдрын хожуу үед ч зарим өвчтөн эрүүл болж байна.
“ТООРМОСНЫ ЗАСВАР”
Хорт хавдартай тэмцэхийн тулд өвчтөнүүдийн дархлааг ашиглаж болохыг эрдэмтэд 100 гаруй жилийн өмнө мэдсэн хэдий ч 1990-ээд онд л энэ салбарт жинхэнэ үсрэлт хийсэн аж. АНУ-ын эрдэмтэн Жеймс Аллисон дархлааны хяналтын цэгүүдийг нээжээ. Энэ нь хөндлөнгийн болон хувирсан эсүүдийг таньж, устгах үүрэгтэй Т-тунгалгийн эсүүдийг тайвшруулах замаар хүний дархлааг тоормослуулдаг байгалийн механизм юм.
Хэрэв энэ механизмд өөрчлөлт орвол бие махбод эрүүл эсүүдээ устгаж эхэлдэг байна. Тухайлбал, дархлааны өвчний үед ийм байдал илэрдэг. Нэг зэрэг хэд хэдэн эрдэмтэн хэтийн энэ төлөвийг анхааралдаа авч, “тоормосны засвар” (өөрөөр хэлбэл, инсулиний ажиллагааг хэвийн болгох) нь чихрийн шижингийн нэгдүгээр хэлбэр, үе мөчний үрэвсэл, судасны хатуурал болон өөр олон өвчнийг эмчлэхэд амжилт олохыг тэмдэглэжээ.
ТААГҮЙ АСУУДЛУУД
Гэхдээ Аллисон эсрэг үйлдэл хийж үзжээ. Тэрбээр хорт хавдартай хулганад тоормослох байгалийн механизмыг зогсоож, гайхалтай үр дүнд хүрсэн байна. Тодруулбал, хорт хавдрын эсүүд дархлаанаас нуугдаж чадахгүй болж, бие махбод хорт хавдартайгаа илүү үр нөлөөтэй тэмцсэн гэнэ. Үүний зэрэгцээ 1992 онд Тасүкү Хонзё зарчмын хувьд төстэй ч нэлээд өөр ажиллагаатай, ондоо хэлбэрийн инсулин нээсэндээ үндэслэн дархлааны эмчилгээний хэд хэдэн арга боловруулав.
Хүчтэй сөрөг нөлөөтэй хэдий ч инсулиний үйл ажиллагааг зогсоодог бэлдмэлүүд уушги, бөөр, тунгалагийн эсийн хавдар, меланом (арьсны хорт хавдар)-той тэмцэхэд үр дүнтэйгээ нотолжээ. Гольф тоглох дуртай Хонзёд клубийнх нь нэг гишүүн уушгины хорт хавдартайгаа ярьсан гэнэ. “Миний ачаар тэрбээр дахин гольф тоглох болсон. Үнэхээр аз жаргал шүү. Тийм талархал надад ямар ч шагналаас чухал” гэж Японы профессор дурссан байна.
ЗУУНЫ БҮТЭЭЛ
Одоо Жеймс Аллисон АНУ-ын Техас муж улсын их сургуулийн дэргэдэх хорт хавдартай тэмцэх төвийн Дархлааны салбарыг удирдаж байна. Тасүкү Хонзё нь Японы Киотогийн их сургуульд дархлааны профессороор ажиллаж буй. Тэдний санал болгосон аргыг үндэслэн боловсруулсан эмийг хорт хавдрын эмчилгээнд амжилттай хэрэглэж байна. Гэхдээ илүү олон эм одоо клиник туршилтад орсон бөгөөд ойрын жилүүдэд эмчилгээнд шилжих аж.
“10 жилийн өмнө үсэрхийлэн тархсан меланом бараг эмчилгээгүй байсан. Одоо Аллисон, Хонзё хоёрын ачаар өвчтөнүүдэд бодитой найдлага бий болжээ. Өвчтөнүүдийн гуравны нэг нь дархлааны эмчилгээний ачаар богино хугацаанд тэнхэрч, зарим нь эдгэрч байна” гэж Британийн хорт хавдартай тэмцэх “Cancer research UK” байгууллагын ерөнхий эмч, профессор Чарли Суонтон хэлснийг “Reuters” агентлаг эш татжээ. Аллисонтой хамтран ажилладаг байсан, өдгөө Лондоны их сургуулийн коллежийн профессор Серхио Кесада Нью-Йоркт болсон хавдрын хуралд оролцсон лабораторийн бусад ажилтны хамт Нобелийн шагналтныг зарлах ёслолыг үзжээ.
“Аллисон, Хонзё нарын ажил зууны бүтээл бөгөөд тэднийг Нобелийн шагнал авахыг бид хэдэн жил хүлээж байлаа” хэмээн ярив. “Энэ эмчилгээ бүх хүнд тус болоогүй ч олон амь аварсан. Хамгийн гол нь хорт хавдар болон бусад өвчинтэй тэмцэхийн тулд дархлааны тогтолцоог зогсоох, эсвэл идэвхжүүлэх талаарх бидний ойлголтод хувьсгал хийсэн юм” гэж Британийн Манчестерийн их сургуулийн профессор Дэн Дейвис тэмдэглэжээ. “Энэ бол мөсөн уулын өчүүхэн хэсэг. Ийм зарчмаар үйлчилдэг олон эмийг бид нээнэ” гэдэгт тэрбээр итгэлтэй байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан