ВАШИНГТОН./CNN/.Үнэрлэх, амтлах мэдрэхүйгээ алдах нь “COVID-19”-өөр халдварласан хүмүүст илэрдэг гол шинж байж магадгүй болохыг “PLoS Medicine” сэтгүүлд пүрэв гарагт нийтэлсэн шинэ судалгаанд тэмдэглэжээ.
Их Британийн судлаачдын мэдээлснээр, үнэрлэх, амтлах мэдрэхүйнхээ аль алийг алдсан хүмүүс халдварын өөр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч өөрийгөө тусгаарлах талаар бодож үзэх хэрэгтэй ажээ.
“Бидний судалгаагаар “COVID-19”-өөр халдварласан хүмүүс үнэрлэх, амтлах мэдрэхүйгээ алдах магадлал маш өндөр байгаа тул цар тахлын тархалтыг бууруулахын тулд энэ шинж тэмдгийг өөрийгөө тусгаарлах, шинжилгээ өгөх, ойрын хавьтлыг тогтоох шалгуурын нэг болгохыг Засгийн газрууд харгалзан үзэх хэрэгтэй” гэж Лондоны их сургуулийн коллежийн судлаач Рэйчел Баттерхэм мэдээлжээ.
Судалгааны тухайд
Судлаачдын баг үнэрлэх, амтлах мэдрэхүйгээ алдаж байсан 590 сайн дурын оролцогчийг судалжээ. Тэдний 567-д коронавирусний халдвар илэрсэн байна.
“PLoS Medicine” сэтгүүлд нийтэлснээр, тэдгээр 567 хүний 77.6 хувьд нь коронавирусний эсрэг биет илэрчээ. Тодруулбал, үнэрлэх мэдрэхүйгээ алдсан хүмүүсийн 80.4 хувь, амтлах мэдрэхүйгээ алдсан хүмүүсийн 77.8 хувийнх нь коронавирусний шинжилгээ эерэг гарчээ.
Мөн эсрэг биет илэрсэн хүмүүсийн 40 орчим хувьд халуурах юм уу ханиах шинж тэмдэг илрээгүй байна.
Р.Баттерхам болон түүний хамтран ажиллагсдын тогтоосноор, үнэрлэх мэдрэхүйгээ алдсан хүмүүсийг зөвхөн амтлах мэдрэхүйгээ алдсан хүмүүстэй харьцуулахад “COVID-19”-ийн эсрэг биеттэй байх магадлал гурав дахин өндөр байжээ. Мөн үнэрлэх, амтлах мэдрэхүйгээ аль алийг нь алдсан хүмүүст эсрэг биет үүссэн байх магадлал дөрөв дахин өндөр байсан ажээ.
“Эдгээр мэдээллээс үзэхэд үнэрлэх мэдрэхүйгээ алдах нь амтлах мэдрэхүйгээ алдахаас илүү гол шинж тэмдэг байх магадлалтай байна” гэж судлаачид тэмдэглэжээ.