ЛОНДОН. /Sky News/. Хүн ам олноороо вакцинжуулалтанд хамрагдсанаар бус вирустэй зохицон амьдарч сурснаараа бид коронавирусийг ялна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюге мэдэгджээ.
"Сөрөг хандлагатай байхаа больцгооё. Бид вирустэй дасан зохицож сурах хэрэгтэй бөгөөд үүнд хоёр зүйл маш чухал юм. Засгийн газар удирдах үүрэг хариуцлагаа үүрэх ёстой бол иргэд хязгаарлалтын арга хэмжээнүүдээ дагаж мөрдөх хэрэгтэй. Халдварын тохиолдлын тоо болон нас баралтын тоо огцом нэмэгдэж, хожим нь ДЭМБ коронавирусийг цар тахал хэмээн зарлаж байсан 2020 оны 2 дугаар сарыг одоогийн үетэй харьцуулахад дэлхий дахин коронавируст илүү бэлтгэлтэй болсон нь сайшаалтай юм” хэмээн тэрбээр ярьжээ.
Гэсэн ч 10 дугаар сараас 11 дүгээр сарын эцэс хүртэл эмнэлэгт хүргэгдсэн тохиолдлын тоо болон нас баралтын тоо дахин оргил үедээ хүрч магадгүйг тэрбээр цохон дурджээ. “Орон нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, сургуулиудыг дахин хаахыг бид үгүйсгэхгүй” хэмээн Ханс Клюге ярьсан байна.
Э.АянзаяаЭх сурвалж: Монцамэ агентлаг