Эмийн үнийг хэрхэн тогтоодог вэ

Монголчууд өвдөхөөрөө л эмнэлэгт үзүүлдэг муу зантай. Зарим нь шууд л эмийн сангаас тааралдсан эмээ авч хэрэг­лэнэ. Ууж байгаа эмийнхээ тун, хадгалах хэрэглэх заавар, хоруу чанарт нь огтоос анхаарал хандуулахгүй, өөртөө онош тавьж өвчнөө намдаагаад сурчихсан. Үүнээс болж эмийн хордлогод орсон тохиолдол цөөнгүй. Эмийн замбараагүй хэрэглээгээ дагаад үнийн өсөлт ч нэмэгдэх болсон. Гэхдээ эмийн үнэ чухам юунаас болоод өсч байгааг хэн ч тодруулдаггүй. Эмийн үнийг хэн нэмээд байна вэ. 
Жилд 400 орчим тэрбум төгрөгийн эм Монголын зах зээл дээр борлуулагдаж байна
Импортын эмийн үнэ өсдөг шалтгаан нь валютын ханш гэж мэргэжлийн байгууллага тайлбарлаж байна. Мөн эмээс авдаг онцгой албан татварын хэмжээ ч үүнд нөлөөлдөг байна.  Монгол Улсын хилээр эмийг оруулж ирэхэд гаалийн онцгой татварт 15 хувийг төлдөг. Үүний дараа бөөний худалдааны төвүүдээр дамжихдаа 30 хүртэлх хувийн нэмэгдэлтэйгээр борлуулагддаг байна. 
Эмийн үнийн талаар ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин, био бэлдмэлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Цэцгээтэй ярилцлаа.
-Эмийн үнийг хэрхэн тогтоодог вэ?
- Манай эмийн зах зээл бол жилдээ нийт 400 орчим тэрбум төгрөг гэж үзэж болно. Импортын үнийн дүнгээр 477 тэрбум, борлуулалтыг нь харвал 400 орчим тэрбум төгрөгийн эм өнөөдөр Монгол Улсын зах зээлд борлуулагдаж байгаа. Энэ 400 тэрбум төгрөгийн эмийн 1/4 хувьд шууд, 3/4 хувьд нь шууд бус зохицуулалтыг хийдэг.
-Ямар зохицуулалтыг хийж байна?
-100 тэрбум төгрөгт шууд зохицуулалт хийдэг гэсэн үг. Эмнэлэгт хэрэглэгдэж байгаа 60 тэрбум төгрөгийн эмийг бид тендерээр өрсөлдүүлэх зарчмаар худалдаж авдаг. 2002 оноос эмнэлэг бүр өөрсдөө эмээ худалдан авч, улсын хэмжээнд жил бүр 40 тендер зохион байгуулагддаг байсан. Энэ жилээс бид эмнэлэг бүрт нийтлэг хэрэглэгдэж байгаа 17 нэр төрлийн эм дээр улсын хэмжээний нэгдсэн тендер зохион байгуулах боллоо. Ийм зарчимд шилжснээр төсөвт 260 орчим сая төгрөгийг хэмнэлт гаргаад байна. 
-Эмийн сангаар борлуулж байгаа эмийн үнийн тухайд ямар зохицуулалт хийгддэг вэ?
-ЭМЯ-наас шууд зохицуулдаг 100 тэрбум төгрөгийн үлдсэн 40 тэрбум төгрөг дээр нийтийн эмийн сангаар борлуулагдаж байгаа эмийн үнийг зохицуулдаг. Даатгалаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн үнийн дээд хязгаарыг ЭМД-ын үндэсний зөвлөл тогтоодог. Эмийн сангууд дээд хязгаараас доош үнээр ч эмээ борлуулж болно.
-Үлдсэн 3/4 хувийн шууд бус зохицуулалтыг хэрхэн хийдэг вэ?
-Өрсөлдөөнийг дэмжих замаар зохицуулдаг. Жишээлбэл, 5 мл-тай амлодипин гэж эм гэхэд л зах зээлд 13 төрлийн сонголттой байгаа. Бид 14 дэхийг оруулж ирлээ гэхэд чанар, стандарт хангасан эсэхийг шалган шаардлага хангасан байвал зөвшөөрдөг. Мөн нийлүүлэгч нарыг стандартын  шаардлага хангасан байр сав, тээврийн хэрэгсэлтэй байвал, тусгай зөвшөөрлийг нь өгөн дэмждэг. Энэ бол олон улсад хэрэглэдэг чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар эмийн үнийг зохицуулдаг нэг арга. Бид энэ зарчмаар явж байгаа.
Эмийн үнийг хэрхэн тогтоодог вэ
-Нэг эмийг Монголоос худалдаж авахад 11 мянган төгрөг гэтэл ОХУ-ын Улаан-Үдээс 5000 төгрөгөөр худалдан авч болдог. Эм үнэ дээр ногдох татвар хураамж нэмэгдсээр манай зах зээлд өндөр үнээр борлуулагдаад байна уу?
-Татвар, тээврийн зардал нэмэгдэнэ. Манайх саяхан ДЭМБ-ын аргачлалаар эмийн үнийн нэмэгдэх хэмжээг судалж үзэхэд бусад орнуудаас харьцангуй өндөр гарсан. Тиймээс даатгалаар хөнгөлөлттэй олгож байгаа эмийн үнийг дундажлан тогтоож байгаа. Энэ аргаа илүү сайжруулан нэмэгдэх цэвэр ашгийн хувь хэмжээг зохицуулахаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдээд явж байгаа. 
 ЭМД-аас хөнгөлөлттэй олгодог 774 нэрийн эм дээр эмийн дээд хязгаарыг тогтоосон. Дахин амлодипин дээр жишээ хамгийн хямд үнэтэй буюу Амлорин гээд Кипр улсын эм байна. 30 ширхэг шахмал нь 7500 төгрөгийн үнэтэй ч үүнийг ЭМД-аас 80 хувь хөнгөлж байгаа. Тэгвэл Румынд үйлдвэрлэсэн Нормодипин нэрээрээ 30 ширхэгтэй шахмал нь 17700 төгрөг. Үүнийг бид 35 хувь  хөнгөлж байгаа. Тэгэхээр даатгуулагч өөрийн санхүүгийн бололцоог харан эмээ сонгох боломжтой. Чанарын хувьд бүгд ижил. Эмийн үнэ бага байх тусмаа хувь хүнд хямдрал илүү оногдоно гэсэн үг.
-Эмийн үнэ дээр ямар өртөг нэмэгддэг вэ?
- Судалгаагаар манай эмийн сангууд 30 хүртэлх хувийг нэмж байгаа. Манайд гараад байгаа нэг гажуудал нь бөөний төвүүд жижиглэн худалдаанаасаа өндөр үнэтэй байсан. Тиймээс Засгийн газрын тогтоолоор эмийн бөөний төвүүд 15 хүртэлх хувь нэмнэ, жижиглэн 30 хүртэлх хувь гэж тогтоох хэрэгтэй. Энэ зохицуулалтыг хийхийн тулд одоогийн аргачлалаа улам сайжруулан Эмийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар ярьж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эм худалдаалах дээд үнийг тогтоодог
Эмийн сангуудаар борлуулж байгаа эмийн үнийн талаар ЭМД-ын ерөнхий газрын Эмийн үнийн бодлого, хөнгөлөлттэй эмийн жагсаалт хариуцсан мэргэжилтэн П.Оюунбатаас тодрууллаа.
-Эмийн сангуудаар борлуулж байгаа эмийн үнийг хэрхэн тогтоодог вэ?
-Хамгийн сүүлд батлагдсан хөнгөлөлттэй эмийн жагсаалт 2018 оны долдугаар сард улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Энд 36 эм ханган нийлүүлэх байгууллага, нийслэл болон орон нутгийн эмийн сангууд, Гаалийн ерөнхий газрын мэдээлэл, эмийн холбоодоос эмийн үнийн саналыг аван дундажлан тогтоосон.
-Нэг эм өөртөө ямар нэмүү өртөг шингээн иргэдийн гар дээр очдог бол?
-Жишээ нь эмнэлгийн тоног төхөөрөмж Монгол Улсад гаалиар орж ирэхдээ татвар төлдөггүй. Харин импортоор орж ирж байгаа эмэнд улс зарагдаагүй байхад нь 15 хувийн НӨАТ авдаг. 
Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6000 гаруй эм бүртгэгдсэн. Үүний 82 хувь нь импортоор орж ирдэг.  Тоогоор ярих юм бол 5 эмийн 4 нь импортоор орж ирж байгаа гэсэн үг. Импортын эм мэдээж ам.долларын ханшийн өсөлтөд өртдөг. Манай эмийн салбар 1990 оноос хойш хувийн хэвшилд шилжсэн.Тэдний зүгээс татвар өндөр байна гэсэн асуудал тавьдаг. Зайлшгүй шаардлагатай эмэн дээр НӨАТ авахгүй бол эмийн үнэ буурах боломжтой тухай ч хэлдэг юм. Уг нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хэрэглэгдэх эмүүдийг хангалттай оруулж өгсөн. Гэтэл эмч нарын мэдлэг дулимагаас бүх эмээ сурталчлан ойлгуулж чаддаггүй. Мөнгөтэй компанийн рекламдсан эмээс бусад эмийг иргэд тэр бүр мэддэггүй. Хямд үнээр эм худалдан авах боломж байгааг иргэдэд ойлгуулах хэрэгтэй.
Эмийн үнийг хэрхэн тогтоодог вэ
Харин дотоодын эмийн үйлдвэрүүд бол эмийн дээд үнэтэй уялдуулан өөрсдөө тогтоодог байна. Хэрвээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тогтоосон дээд үнийг зөрчвөл хөнгөлөлттэй эм зарах эрхийг хязгаарлах арга хэмжээ авдаг байна. 
ЭМЯ-наас эмийн бөөний худалдааны төвүүдийг 15 хүртэлх хувийг нэмэхийг зөвлөдөг ч өнөөдөр энэ асуудал хуульчлагдаагүй учраас эрэлтээ даган үнэ өссөн хэвээр байгаа юм.
Eagle.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан