Хонгкогтод амьдардаг 33 настай эрэгтэй 4.5 сарын дараа дахин коронавирусын халдвар авсан нь урдчилсан судалгаагаар батлагджээ. Анх халдвар авахад нь түүнд шинж тэмдэг илэрсэн бол хоёр дахь удаагаа халдвар авахад шинж тэмдэг илрээгүй гэж Хонгконгийн их сургуулийн баг өчигдөр мэдэгдлээ. Тэрээр анх гурван өдрийн турш ханиалгах, хоолой өвдөх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэгтэйгээр ирж гуравдугаар 26-нд шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн юм. Харин энэ удаа Испани, Их Британиар аялаад энэ сарын 15-нд Хонгконгийн нисэх онгоцны буудал дээр ирэхэд дахин халдвар авсан нь тогтоогджээ. Тиймээс дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. “Энэ өвчтөний биед үүссэн эсрэг биет богино хугацаанд халдвараас сэргийлэх чадвартай байсан нь тогтоогдлоо” хэмээн Хонгконгийн их сургуулийн судлаач Келвин Кай Ван ярьжээ. Тэд үүнийг эдгэрээд дахин халдвар авсан “Ковид-19”-ийн анхны өвчтөн хэмээн үзсэн ч бусад судлаачид дахин судлахыг хүссэн байна. Энэ талаар Их Британид төвтэй Шинжлэх ухааны төвийн мэргэжилтэн Хантер “Хонгкогтод дахин халдвар авсан энэ эрэгтэйн вирус генетикийн хувьд өөр байсан учир цочирдох хэрэггүй. Гэхдээ үүнийг баримтжуулах нь чухал” гэжээ. Эх сурвалж:CNN