Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус өчигдөр Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр коронавирусийн цар тахлыг хоёр жилийн дотор дуусах магадлалтай гэж хэлжээ.
1918 онд дэлхий даяар тархсан Испани ханиадны тахал хоёр жил үргэлжлээд өндөрлөж байсан. Гэхдээ орчин үеийн технологийн хөгжил цар тахлыг үүнээс ч богино хугацаанд дуусгах боломжтойг хэлжээ.
“Мэдээж илүү их хэлхээ холбоотой болсон өнөөдрийн дэлхий ертөнцөд вирус тархах боломж өндөр. Гэхдээ нөгөө талаас бидэнд үүнийг зогсоож чадах технологи, мэдлэг бас байгаа” гэж ярьсан доктор Гебрейесус тахлын үед дэлхий нийтээрээ нэгдмэл байхын ач холбогдлыг онцолсон байна.
1918 онд дэгдсэн ханиадны улмаас доод тал нь 50 сая хүн нас барж байжээ.
Харин коронавирусийн цар тахал өнөөдрийн байдлаар бараг 800,000 хүнийг үхүүлж, 22.7 сая хүнийг өвчлүүлээд байна.
Үүнээс хамгийн их хохиролтой улс нь АНУ болоод байгаа. Тус улсад Баасан гарагт 1,000 гаруй хүн Covid-19 өвчнөөр нас барж, нийт амиа алдсан хүний тоог 173,490 болгожээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден ерөнхийлөгч Дональд Трампын цар тахлын эсрэг хийж буй тэмцлийг шүүмжилсэн юм.
“Манай одоогийн ерөнхийлөгч улс үндэстнийхээ өмнө хүлээсэн хамгийн гол үүргээ биелүүлж чадсангүй. Тэр биднийг хамгаалж чадсангүй. Тэр Америкийг хамгаалж чадсангүй” гэж Байден хэлээд хэрвээ ерөнхийлөгчөөр сонгогдвол улс даяар амны хаалт заавал зүүх журам хэрэгжүүлэхээ амласан байна.
Баасан гарагийн байдлаар дэлхийн хэд хэдэн оронд коронавирусийн тархалт нэмэгдсэн үр дүнтэй байлаа. Өмнөд Солонгост 324 халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн нь энэ оны гуравдугаар сарын эхэн үеэс хойш нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол байв.
Польш, Словак улсууд өчигдөр нэг өдрийн дотор хамгийн олон халдварын тохиолдол (903 ба 123) бүртгэснээ зарласан юм.
Испани, Франц улсуудад сүүлийн өдрүүдэд шинэ халдварын тохиолдлууд эрчимтэй нэмэгдэж байна.