170 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног эхэллээ. Өнөө жил улс орнууд “Эрүүл дэлхийн төлөө эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” уриан дор олон арга хэмжээ, ухуулга сурталчилгааны ажил зохион байгуулах аж. Манай улсын хувьд жил ирэх тусам хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт буурч байгаа нь нийгмийн эрүүл мэндийн бас нэгэн тулгамдсан асуудал болоод буй. Тодруулбал, дөнгөж төрсөн хүүхдэд хөхийг нь эрт амлуулах хувь 70, зургаан сартай нийт нялхсын дөнгөж 50, хоёр хүртэлх насны хүүхдүүдийн 46 хувь нь л эхийн сүүгээр хооллож байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Эхийн сүү нь хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, эндэгдлийг бууруулах ач тустай. Учир нь эхийн сүүнд шүүрлийн иммуноглобулин, цагаан эс, шар сүүний уураг, олигосахаридууд зэрэг нялхсыг нян, вирусийн халдвараас хамгаалах эрдэс, бодис байдаг аж. Мөн бага насныхны уушгины хатгалгаа, бөөлжиж, суулгах өвчнөөс шалтгаалсан нас баралтаас урьдчилан сэргийлдэг байна. Эхийн эрүүл мэндэд ч тустай бөгөөд хөхний хавдар, чихрийн шижингийн эрсдэлийг давхар бууруулдаг нь судалгаагаар тогтоогджээ.