Эх газрын Хятадад баасан гарагт "COVID-19” халдварын 34 шинэ тохиолдол бүртгэгдсэний 29 нь дотоодод халдварласан гэж тус улсын Эрүүл мэндийн хорооноос өнөө өглөө мэдээллээ.
Дотоодод халдварласан тохиолдлуудын 20 нь Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд, ес нь Ляонин мужид илэрчээ. Тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол 16 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Хятадад долоодугаар сарын 24-ний байдлаар халдварын 83784 тохиолдол бүртгэгдсэнээс 78889 хүн эдгэрч, 4634 хүн нас баржээ. Мөн 261 өвчтөн эмчилгээ хийлгэж байгаагаас 11 хүний биеийн байдал хүнд байна.
Баасан гарагт халдварын таван тохиолдол зөөвөрлөгдөн ирсний хоёр нь Гуандун мужид, хоёр нь Шанхай хотод, нэг нь Өвөр Монголын өөртөө засах оронд илэрчээ. Ингэснээр тус улсад зөөвөрлөгдөн ирсэн нийт тохиолдлын тоо 2034-т хүрчээ. Тэдгээр тохиолдлын 1955 нь эмнэлгээс гарсан бол 79 хүн эмчлүүлж байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.
Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, баасан гаргийн байдлаар халдвар авсан хүмүүстэй ойр байсан 11500 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд тухайн өдөрт 256 хүн ажиглалтаас гарсан байна.
Мөн эх газрын Хятадад баасан гарагт халдварын шинж тэмдэггүй 74 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тухайн өдрийн байдлаар 251 ийм тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээрийн 90 нь зөөвөрлөгдөн иржээ.
Долоодугаар сарын 24-ний байдлаар Хонконгт коронавирусний халдварын 2372, Макаод 46, Тайваньд 458 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт 16, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 1407, Макаод 46, Тайваньд 440 хүн эдгэрсэн байна.