ЛОНДОН. /BBC/. Их Британийн судлаачдын гарган авсан, “COVID-19” халдварыг эмчлэх шинэ эмийг Саутхемптоны их сургуульд туршиж байна.Их Британийн “Synairgen” биотехнологийн компанийн мэргэжилтнүүд энэхүү эмийг гарган авахдаа интерферон бета буюу вирусээр халдварлах үед хүний биед үүсдэг уургийг ашиглажээ.
Туршилтын эхний үр дүн ирэх зургадугаар сарын сүүлээр гарах төлөвтэй байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдийн дархлааны тогтолцоог дэмждэг үр дүнтэй эм цөөн байгаа юм.
Шинэ эмийн тухайд
“Интерферон бета бол вирусний эсрэг хүний биеийн эхний ээлжийн хамгаалалт бөгөөд вирусний довтолгоо ирэх гэж буйг анхааруулдаг” гэж Саутхемптон хотод төвтэй “Synairgen” компанийн гүйцэтгэх захирал Ричард Марсден мэдээлжээ.
Р.Марсдений хэлснээр, коронавирус хүний биеийн дархлааны тогтолцооноос мултрахын тулд интерферон бетагийн бий болох явцад шахалт үзүүлдэг байх магадлалтай байгаа ажээ. Интерферон бетаг олон склерозыг эмчлэхэд түлхүү ашигладаг байна.
Туршилтийг хэрхэн явуулах вэ?
Их Британид одоогийн байдлаар 10 гаруй эмнэлгээс 75 сайн дурын хүн туршилтад оролцохоор бүртгүүлжээ. Тэдний тэн хагаст туршилтын эмийг, үлдсэнд нь идэвхгүй нэгдэл уулгах бөгөөд өвчтөнүүд туршилтыг дуусах хүртэл ямар эм ууснаа мэдэхгүй байх ажээ.
“Хэрэв оролцогч ямар эм ууж байгаагаа мэдвэл сэтгэл зүйн нөлөөлөл үүснэ” гэж сувилагч Сэнди Айткен хэлжээ. Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 3.5 саяд хүрсэн энэ үед судлаачид үүнийг эмчлэх 100 гаруй эмчилгээний арга зүйг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм.
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг