Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 284 хүн тусгаарлалтаас гарчээ. Манай улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол 38-д хүрснээс 10 хүн эдгэрсэн эмнэлгээс гарсан бол ХӨСҮТ-д 28 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Өчигдөр ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Дархан-Уул, ХӨСҮТ-ийн лабораторт нийт 163 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Бүгдэнд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 150 хүн авахад бэлэн болгож ор бэлдлээ.
Одоо бид чартер нислэгээр ирэх иргэддээ онцгой анхаарч ажиллах гэж байна. Оросоос ирсэн оюутнууд үндсэндээ 20-иод хоночихлоо. Давтан шинжилгээ хийж коронавирустэйг нь илрүүлсэн. Зарим нэгэнд нь 2, заримд нь 4 ч удаа шинжилгээ хийлээ. Дахин коронавирус илрээгүй учир Оросоор ирсэн оюутнууд эрсдэл дагуулахгүй гайгүй өнгөрнө гэж бид тооцож байна.” гэлээ.
У.МАНДАХ