Хөнгөлөлт эдлэх боломжтой рашаан сувиллууд


Ахмад настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан сувиллын газарт амрах эрхтэй байдаг. Иймд энэ жил  ахмадуудыг хөнгөлөлттэй амраах эрх бүхий  магадлан итгэмжлэгдсэн  рашаан сувиллын талаарх мэдээллийг хүргэе. 2020 онд ЭМДЕГ нийслэлд 28, орон нутагт 24 рашаан сувилалын газартай гэрээтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, магадлан итгэмжлэгдсэн эдгээр рашаан сувилалд та амарч сувилуулбал хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Тиймээс энэ удаа бид дээрх 50 гаруй рашаан сувилалаас  иргэд олноор үйлчлүүлдэг, рашаан ус, эмчилгээний онцлогтой, нөхөн сэргээх зарим сувилалын талаарх мэдээллийг хүргэе. 
 
Дотор, мэдрэлийн өвчинд тустай рашаан сувиллууд 
“Оргил”, “Энх саран”, “Жаргалант” рашаан сувилал:  Бидний дунд ходоод гэдэс нь хямардаг, элэг, цөсний өвчтэй хүн олон байдаг.  Ийм зовиур шалтгаантай хүмүүст дараах сувиллын газруудыг санал болгож байна.   Эдгээр сувилал нь нийслэл хотод, Хан-Уул дүүрэгт  байрладаг. Байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 100-250 хүн хүлээн авдаг.  Нэг өвчтөн 10-14 хоног хэвтэж эмчлүүлдэг аж. Энэ сувилалд цөсний хүүдий, ходоод, хос гэдэсний шархлаа, зүрхний болон бамбай булчирхайн мэс засал хийлгэсний дараах үе, зүрхний шигдээс, тархины цусан хангамжийн эмгэг өөрчлөлт зэрэг сэргээн засах эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай хүмүүс хэвтэж эмчлүүлдэг юм байна. Рашаан устай, нөхөн сэргээх эмчилгээтэй. Рашааныг уухаас гадна рашаанд орох, ходоод, гэдэс угаах шавших зэргээр хэрэглэнэ. Мөн шавар тавьж болно гэнэ.
“Мойлтын тохой”, “Ар жанчивлан”, “Далд засал” рашаан сувилал: Хотоос зайдуу гарч амрах сонирхолтой хүмүүс нийслэлээс холгүй байдаг сувилалд үйлчлүүлэх боломжтой.  Эдгээр сувилал нь жилийн дөрвөн улиралд  ажилладаг. Нэг ээлжиндээ 100-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эмчилгээ, үйлчилгээнийх нь талаар тодруулж асуувал “Манай сувилалд ходоод, цөсний үрэвслийг намдаадаг рашаан эмчилгээ, зүрх уушигны үйл ажиллагааг сайжруулдаг агаар эмчилгээ болон өвдөлттэй хэсгийн өвдөлтийг намдааж ядаргааг тайлдаг бариа засал, физик эмчилгээ, усан болон тосон, шавар эмчилгээнүүдийг хийж байна. Магадлан итгэмжлэгдсэн учир тэтгэмжийн болон тэтгэврийн насныхан шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлээд харъяа дүүргийнхээ Халамжийн төвөөс төлсөн төлбөрийнхөө 50 хувийг эргүүлэн авах боломжтой гэв. 
Үе мөч, арьсны өвчтэй хүмүүс хаана хандах вэ? 
Одоо гол төлөв суугаа ажил эрхэлдэг,  хөл, гар, хүзүү толгой нь хөшдөг, үе мөчний өвчтэй хүмүүс  хаана очиж ямар эмчилгээ хийлгэж болохыг хэлж өгье. Мөн мэдрэлийн гаралтай болон эмэгтэйчүүдийн зарим өвчинд эдгээр рашаан сувилал тустай гэдгийг сануулья.
Эсрэг заалт нь тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндэрсэн явцтай зүрхний шигдээсийн дараах үе, аневризм, артерийн даралт ихдэх өвчин болон  зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илрэл, элэг, цөсний хүндэрсэн архаг өвчний үед хэрэглэхийг хориглоно.

Хужиртын халуун рашаан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт оршдог. Үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэдэг. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчнийг анагаах чадвартай. Хүмүүсийн биеийн байдлаас шалтгаалан эмчилгээний арга барил өөр.  Гэхдээ бусад сувилалын адил шавраар, усаар, зүүгээр, бариа заслаар, мөн физик эмчилгээний аргаар эмчилнэ. Энд эмэгтэйчүүд, мэдрэл, хүүхэд, чих, хамар, хоолой, мэс засал болон ЭХО оношлогооны эмч нар ажиллаж, мэргэжлийн тусламж үзүүлж, зөвлөгөө өгдөг. 
Элма хужирт: Мөн Өвөрхангайн  Хужирт сумын нутагт байрладаг, халуун рашаан. Ваннд орох, хоолойгоо зайлах, шавар тавих зэргээр хэрэглэнэ. Үе мөч, арьсны өвчин, гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед ууж болно. Эмэгтэйчүүдийн үргүйдлийг эмчилнэ. 
Отгонтэнгэрийн рашаан: Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Натри, кальци, фторт азотын халуун рашаан бөгөөд дотор нь орох хэлбэрээр ашигладаг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй.  Отгонтэнгэрийн рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой. 
Аварга тосон сувилал: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг. Тосон нуурын рашааныг уух, зайлах, шавших, шавар тавих, нууранд орох, элсээр хучих гэх мэтээр хэрэглэнэ. Ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой юм байна. 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан