Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хоёрдугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байна.
БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 1 байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн. Мөн коронавирусын халдвар өндөр бүс нутгаас ирэх монгол иргэд нэмэгдэж байгаа учраас иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж амны хаалт зүүж хэвших хэрэгтэйг мэдээлэв.
Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Манай улсад шинэ коронавирусsн халдвар гарах эрсдэл өндөр байна. БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо ойрын өдрүүдэд эрс нэмэгдлээ.
Шинэ коронавирусын халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байгаа. Гэтэл өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн талтай. Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Зорчоод ирсэн тохиолдол томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна. Ингэснээр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ эрсдэлээс хамгаалж буй хэлбэр болно.” гэсэн юм.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд: "Бид өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажилласаар байгаа. Мөн тодорхой давтамжтай хяналт, шалгалтыг явуулж байгаа.
Олон нийтийн үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрснийг тогтоож, хариуцлага алдсан нэг ААН-д торгууль ногдуулсан. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангахад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1,166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан.” гэлээ.
Коронавирусын халдвар өндөр бүс нутгаас ирэх монгол иргэдийн тоо олширч байгаа учраас иргэдийг тус халдварын болзошгүй шинж тэмдэг илэрвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, ХӨСҮТ-д хандахыг ЭМЯ-наас зөвлөж байсан юм.