- Хар модны давирхай шиг үнэртэй эл ургамал 150 гаруй эмийн жоронд ордог
- Чийрийн давирхай нь амьдрах хугацаандаа ганцхан удаа буюу хагдарч унахаасаа жилийн өмнө цэцэглэж, үрээ гөвдөг
Залаархаг хавраг буюу чийрийн давирхай гэх өвслөг агаад модлог ургамал Монголд 1954 онд анх бүртгэсэн ч нутгийн иргэдээс өөр хүн мэддэггүй байж. МУИС-ийн багш, судлаачид 30 гаруй жилийн дараа энэхүү ховор ургамлыг нээжээ. Чийрийн давирхайг 1997 онд “Улаан ном”-д оруулсан байна. Уг ургамал нь шүхэр цэцгийн (Umbellifarae) овогт хамаардаг бөгөөд сүүлийн 20 гаруй жилд дэлхийн ургамал судлаачид болон анагаах ухааны салбарынхны анхаарлын төвд ороод байна. Энэ ургамлыг шинжлэх ухааны хэлэнд залаархаг хавраг, хавиргана хэмээн тэмдэглэдэг бол монголчууд чийрийн давирхай гэдэг. Дэлхийд ердөө 100 гаруйхан га талбайд уг ургамал ургадаг учир нэн ховорт тооцогддог ажээ. Баруун Сибирь, Каспийн хийгээд Газар дундын тэнгисийн орчимд ургадаг. Мөн Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн Булган сум, Ярантын боомт хавийн багахан газар ургадаг байна. Чийрийн давирхай нь амьдрах хугацаандаа ганцхан удаа буюу хагдарч унахаасаа жилийн өмнө цэцэглэж, үрээ гөвдөг. Энэхүү ургамал 9-12 жилд ганц удаа цэцэглэдэг аж. Хар модны давирхай шиг үнэртэй. 150 гаруй эмийн жоронд ордог. Энэ ургамлын цэцэглэх үед ишин дээр нь гарч ирдэг давирхайг нь ханиад томуугийн тархалттай үед усанд найруулж уудаг. Хол газар явахдаа эмээлийнхээ хавтсанд болон дөрөөнд нааж элдэв халдварт өвчнөөс хамгаалдаг байсан тухай судлаачид тэмдэглэжээ. Чийрийн давирхай нь байгалийн онцгой сонин бүтэцтэй газар ургадгаараа онцлог. Алтайн нурууны өвөр хэсэг, Төв Азийн цөлийн зааг, зүүн, ба руун Хаац уулаас баруун тийш Монцогийн улаан гол, Ярантын уул орчмын нутагт голын гаралтай, салхины нөлөөнд хэт автсан элсэн хуримтлал бүхий нутаг юм. Энэ хэсгийн уур амьсгал нь Монголын бусад бүсээс тэс өөр. Булган голоос тэжээгддэг. Булган гол эрт үед одоогийн Үенч, Бодонч голын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим нь баруун тийш урсах болсон нь чийр хэмээх ургамлынхаа адил эрдэмтдийн сонирхлыг татдаг. Ер нь эндхийн ан амьтан, өвс ургамал бүр нь онцлогтой гэж МУИС-ийн судлаач эрдэмтэд ярьдаг. Хавар, зуны хамгийн таатай үед цэцэглэдэг агаад 1.6 метр хүртэл өндөрт харгана шиг шугуй үүсгэж ургадаг. Шар өнгөтэй жижигхэн гоё цэцэг гаргадаг бөгөөд 9-12 насандаа цэцэглэдэг аж. Жил ирэх тусам навчны тоо нэмэгддэг тул үүгээр нь ургамлын наслалтыг тогтоодог байна. Уг ургамлаас намартаа цөөн хоног давирхай гадагшилна. Давирхай нь саарал, цагаан өнгөтэй учраас монголчууд сүү хэмээн нэрлэдэг. Мөн давирхайнаас нь сүрчиг мэт анхилуун сайхан үнэр ханхалдаг. Чийрийн давирхайн төгөлд нэг өдөр саатахад хүний ядаргаа тайлагдаж, цусны даралт буудаг байна. Тиймдээ ч эл ургамлыг анагаах ухааны салбарт түлхүү ашиглаж, дэлхийн арав гаруй орны лабораторид үрслүүлэн ургуулж, судалж байна хэмээн манай эрдэмтэд тэмдэглэжээ.
Засгийн газрын мэдээ