Сингапурт эхний удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй ч, 2-3 удаагийн шалгалтаар вирус илрэх тохиолдол сүүлийн үед эрс өсчээ. Тэгвэл вирус яагаад эхний удаагийн шинжилгээгээр илрэхгүй байгаа талаар “Todayonline” онцолсон байна.
Коронавирусийн анхны шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрдэг
Сингапурын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн тэргүүн, профессор Ли Янь коронавирусийн үед илэрч буй шинж тэмдэг энгийн вирусийн гаралтай ханиадтай төстэй, халдварласан тохиолдолд эхэндээ хөнгөн хэлбэрээр илрээд богино хугацаанд хүндэрдэг учраас нэг удаагийн шинжилгээгээр ханиад болон томуугаас ялгахад төвөгтэй байгааг ярьжээ. Тэрбээр “Хүмүүсээс коронавирусийг тогтоох шинжилгээ авахаас гадна хамгийн сүүлд аялсан орон, халдвартай байж болзошгүй хүнтэй ойр байсан эсэх талаар мэдээлэл авч, хэд хоногийн дараа дахин шинжилгээ авах нь халдвар авсан эсэхийг тогтоох хамгийн найдвартай арга болоод байна” гэв.
Түүнчлэн тус улсын Халдварт өвчин судлалын төвийн тэргүүн Лео Юй Син “Өвчний шинж тэмдэг нийтлэг. Коронавирусээр халдварласан тохиолдолд эхний 7-14 хоногт бараг л ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Харин хоёр дахь долоо хоногоос хоолой сэрвэгнэж, ганц нэг ханиалгаж эхэлдэг. Тиймээс вирусийн халдвар авсан тохиолдолд эхний хоёр долоо хоногт энгийн томуугаас ялгаж, оношилно гэдэг амаргүй байна. Үүнээс үүдэж, анхны шинжилгээнээс вирус илрээгүй тохиолдол олон бүртгэгдэж байна” хэмээв.
Сэжигтэй тохиолдлоос авч буй дээж вирусийг тогтооход хангалтгүй байж магадгүй
Халдвар авсан байж болзошгүй өвчтөнүүдээс авсан дээж нь коронавирусийг тогтооход хангалтгүй байж магадгүй гэх таамгийг Сингапурын “Mount Elizabeth Novena” эмнэлгийн халдварт өвчин судлаач Леон Хо дэвшүүлэв. Тэрбээр “Хүний хаанаас нь цус авснаас шинжилгээний хариу шалтгаалах нь бий. Ямар төрлийн вирус вэ гэдгээс шалтгаалж, хаанаас дээж авах нь өөрчлөгддөг” гэжээ. Коронавирусийн нэг төрөл нь SARS, тиймээс эмч, судлаачид тухайн үед ашиглаж байсан аргаа хэрэглэж байгаа нь халдвар хүрээгээ тэлэхэд нөлөөлж байж магадгүйг тэрбээр мөн тодотгосон байна.
Эхний удаагийн шинжилгээгээр коронавирус илрээгүй хүмүүс яах вэ
Эхний удаа шинжилгээ өгсөн ч вирус илрээгүй хүмүүстэй Сингапурын холбогдох албанынхан холбогдож, дахин шинжилгээ авч эхлээд байгаа юм байна. Түүнчлэн профессор Ли Янь “Нэгэнт дэлхийн олон оронд вирусийн халдварыг хоёр эсвэл гурав дахь шинжилгээгээр тогтоож байгаа учраас бид оношлох өөр арга хайсан нь дээр байх” хэмээжээ. ДЭМБ-аас коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орнуудын тоо хоёрдугаар сарын 4-нөөс хойш огт нэмэгдээгүй талаар мэдээлсэн билээ. Гэхдээ анхаарал, болгоомжтой байхгүй бол өвчний дэгдэлт хаашаа ч эргэж мэднэ гэдгийг анхааруулсан. Одоогоор коронавирусийн эсрэг вакциныг боловсруулж байгаа ч хүн дээр турших хүртэл багадаа 4-6 шаардлагатай байгаа юм.
Эх сурвалж: https://www.todayonline.com/singapore/explainer-why-some-covid-19-patients-visit-doctor-twice-or-thrice-they-receive-diagnosis