- Өвчний гадаад шинж тэмдэггүй хүмүүсээр дамжин вирус халдварлаж болзошгүй
Өвчний гадаад илрэл, шинж тэмдэггүй ч Уханийн коронавирустэй гэсэн оношийг 10 настай жаалхүүд тавьсан нь халдвар тархахаас сэргийлэх тэргүүн шугам дахь тандалтын аргад баригдалгүйгээр вирус тархаж байж болзошгүй гэсэн түгшүүр үүсгэв. Жаалхүү эцэг эхийнхээ хамтаар билгийн тооллын сар шинийн баяраар төв Хятадын Ухань хотод өвөг эцгийнхээ гэрт зочилжээ. Аав, ээж, эмэг эх, өвөг эцэг нь өвдөж эмчлүүлсэн бол 10 настай жаал шинжилгээгээр вирустэй гэж гарсныг эс тооцвол гаднаасаа эрүүл. Жаалхүүд эмч “гадаад илрэлгүй вирус тээгч” гэсэн онош тавьжээ. “Бие муудахгүй болохоор эмнэлэгт очихгүй байгаа вирус тээгч зөөлөн халдвар тараагч болж болзошгүй”-г Умард Каролинагийн их сургуулийн дэргэдэх Нийтийн эрүүл мэндийн Жиллингсийн сургуулийн микробиологи, иммунологийн профессор Ральф Барик тайлбарлав. Коронавирусийг олон арван жил судалж буй тэрбээр 2003 онд SARS дэгдэхээс өмнө энэхүү өвчнийг сэрэмжлүүлж байжээ. Нэгдүгээр сарын 24-нд анагаах ухааны Lancet сэтгүүлд нийтлэгдсэн уг тохиолдол нь 2019-nCoV вирус хүнээс хүнд дамжиж буйг анх баталсан хэрэг болов. Жаалхүүгийн эцэг, эх вирусийн халдвартай байхдаа мөн л халуураагүй. Хожим нь халдвар Уханьд очоогүй төрөл саднаас нь ч илэрсэн юм. Мөн адил тохиолдлыг БНХАУ-аас гадна ч бүртгэжээ. ХБНГУ-д компанийн дадлагажуулах сургалтад оролцсон дөрвөн хүнээс халдвар илэрсэн. Дадлагажуулах сургалтад оролцогчдын дотор БНХАУ-д зочлоод ирсэн, гаднаасаа өвчний сэжиггүй ажилтан байсан юм. Жаалхүү эцэг эхийн хамт 12 дугаар сарын 29-нд Шэньжэниэс Уханьд өвөг эцэг, эмэг эхийндээ ирсэн юм. Уханьд ирснээс хойш хоёр хоноод Хубэй мужийн Эрүүлийг хамгаалах комисс тус хотод нийт 27 хүн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгаа туссаныг зарласан нь тухайн үедээ олны анхааралд өртөөгүй өнгөрчээ. Уханьд байх эхний 3-5 хоногт уг айлыг дөрвөн ч хүн халуурч, ханиалган, бие суларч, гүйлгэж эхэлсэн юм. Шэньжэньд буцсан хойноо эмнэлгийн шинжилгээ, уушгины зургаар 2019-nCoV вирустэй гэсэн онош гарчээ. Эцэг эхийн хүсэлтээр хийлгэсэн хүүхдийнхээ уушги, хамар, хоолойн шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдсон байна. Уг тохиолдол нисэх онгоцны буудлуудад ашиглаж буй скрининг шалгалтад илрэлгүйгээр вирус нэвтрэх аюултайг анхааруулсан хэрэг болов.
Засгийн газрын мэдээ