“Сайн” хэмээн тодотгосон эм, бэлдмэл рүү хошуурах нь сэтгэл зүйн бас нэг эмгэг

Эм бол хоол биш хор. Тиймээс иргэд эмийн хэрэглээндээ анхаарч, ямар эм чухал хэрэгтэй, ямар нь онцын шаардлагагүй, аль нь хор болох вэ гэдэгт анхаарал хандуулж байх учиртай. Гэвч Монголд эмийн замбараагүй хэрэглээ цэцэглэсэн нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж, хүмүүс бусдын ам дамжсан худал, үнэн нь үл нотлогдох үг ярианд итгэж сайн гэсэн эм нэртэй хор луу хошуурах нь ихэсчээ.
Эрүүл мэнд гэсэн сэдвийн тойрогт үүссэн, нийгмийн сэтгэл зүйн энэхүү гажигийг мэргэжлийн салбарынхан хөндөж, иргэдэд нарийн мэдээлэл хүргэхгүй бол замбараагүй эмийн хэрэглээ, эмэнд донтох асуудал иргэдийн амь насанд заналхийлэхэд ойрхон ирээд байна.
Эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн нь химийн найрлага бүхий бүтээгдэхүүн. Тиймээс үүнийг нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу хэрэглэх нь иргэдийн эрүүл мэнд, амь насанд тустай гэдгийг ухамсарлаж, сэтгэл зүйдээ бий болгохгүй бол сайн дураараа өөрсдийгөө “хордуулаад” байна гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэд сүүлийн үед эм бэлдмэлийг фэйсбүүкээр худалдан авах нь нэмэгдсэн бөгөөд хохирч, холбогдох байгууллагад хандах нь олширсон талаар мэдээллээ. Иргэд сүүлийн үед фэйсбүүкээр худалдаа хийх нь олширлоо. Гэтэл зарим нь хохирч, бидэнд ханддаг. ААН-ээс бүтээгдэхүүн худалдан авсан бол хариуцлага тооцдог. Хувь хүнтэй худалдаа хийгээд, хохирвол их ярвигтай тул иргэд мөнгөө эргүүлэн авч чадахгүй байна гэв. Иймд фэйсбүүкээр худалдаа хийхгүй байхыг анхаарууллаа.
Иргэн н.Батцэцэгээс “БНХАУ-ын иргэн Ли Лянхуа, түүний хүүхдүүдийн “Жин чинхай” компани “Аполло” ХХК-тай хамтран эмийн сүлжээ үүсгэсэн. Тэд мэргэжлийн бус атлаа гишүүн элсүүлж, худалдаа хийдэг. Эмчилгээ хийдэг” гэсэн агуулгатай гомдол ирсэн юм.
БГД-т үйл ажиллагаа явуулдаг “Жин чинхай” компанийг шалгахад энэ компанийн захирал, БНХАУ-ын иргэн Баолин Шанхай манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг импортын зөвшөөрөлгүй худалдаж байсныг илрүүллээ. Энэ зөрчлийг таслан зогсоож, 11 нэрийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хураан авсан. Нийт 155 хайрцаг, 7 сая төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг хууль бусаар хилээр оруулжээ.
Манай улсын дөрвөн боомтоор л эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг нэвтрүүлдэг бөгөөд өөр боомтуудаар эм, эмнэлгийн хэрэгсэл нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй аж. Гэвч иргэд хувийн хэрэгцээнд гэж эм бэлдмэл оруулж ирээд, түүнийгээ гар дээрээс худалдах нь олширсон талаар мэргэжлийн байгууллага ярьж байна.  Тиймээс  Иргэд өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг хамгаалан, эмчийн бичсэн жорын дагуу л эм бэлдмэл хэрэглэх  нь эрүүл мэнд хийгээд эдийн засагт нь тустай талаар холбогдох албаны хүмүүс зөвлөж байна.
Н.БАТАА
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан