12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байна- АНУ-ын Вичитагийн их сургуулийн эрдэмтэд оюутан, залуус чихэвч хэрэглэхдээ 110-120 децибелээр сонсдогийг тогтоожээ
- Өнөө цагт үйлдвэрлэгдэж буй хөгжим тоглуулагч, ухаалаг утас үэргийн чангаруулагчийн дээд түвшин 120 децибел байдаг байна. Өөрөөр хэлбэл, хөгжмөө эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн тэнцэж байна гэсэн үг
Хүн эргэн тойрон дахь мэдээллийнхээ 30 хувийг сонсголоороо дамжуулан хүлээн авдаг. Гэвч технологийн дэвшил, ухаалаг утасны хэрэглээнээс үүдэн чихэвчийг өргөнөөр ашигладаг болсноос эргэн тойрон дахь дуу чимээг сонсож чадахгүйд хүрч байна. Чихэвч зүүж яваад анхааруулж хэлснийг сонсолгүй барилгын төмөрт даруулсан, галт тэргэнд дайруулсан эмгэнэлт тохиолдлууд манайд олон бүртгэгдсэн. Мэдрэхүйн чухал эрхтнээ анхаарал болгоомжгүй байдал, зохисгүй хэрэглээнээсээ болж өвчлүүлнэ гэдэг юутай харамсалтай. ДЭМБ судалгаагаараа өнөөдөр 12-35 насны 1.1 тэрбум хүнд сонсголгүй болох аюул нүүрлэж байгааг тогтоосон байна. Ялангуяа, 15-35 насны залуучууд хөгжим, чихэвч, зугаа цэнгээний газрын хэт чанга дуу, шуугианаас болж сонсголоо алдах нь түгээмэл байгаа аж. Дэлхий нийтээр сонсгол бууралтын эсрэг жил бүр 750 тэрбум ам.доллар зарцуулж буй бөгөөд дээрх үзүүлэлтүүд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Түүнчлэн 2018 оны байдлаар дэлхий дахинд сонсгол бууралт, дүлийрэлтэй 466 сая хүн байгаагийн 34 сая нь хүүхэд бөгөөд хүүхдийн сонсгол бууралтын 60 хувь нь сэргийлж болох шалт-гаануудаас үүсдэг аж. Өөрөөр хэлбэл, бид сонсголын эрхтнээ хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг.
Чихэвч сонсголын эрхтэнг шууд гэмтээдэг
Дууны даралт ба сонсох мэдрэмжийн хамаарлыг децибел гэх нэгжээр илэрхийлдэг ба хүмүүсийн харилцан ярианы түвшин 60 децибел байдаг бол онгоц буух үеийн чимээний түвшин 110 децибел байдаг. Харин өнөө цагт үйлдэрлэгдэж буй хөгжим тоглуулагч, ухаалаг утас зэргийн чангаруулагчийн дээд түвшин 120 децибел байдаг байна. Өөрөөр хэлбэл, хөгжмөө эцэст нь тавьж сонсох нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг. ДЭМБ-ын судалгаагаар 85 децибел хэмжээгээр, нэг цаг чихэвч ашиглахад сонсголын эрхтэн гэмтдэгийг тогтоосон юм. Хүний чихийг гадна, дунд, дотор гэж хуваадаг. Гадна, дунд чих нь дуу дамжуулах үүрэгтэй бол дотор чих дууны дамжиж ирсэн механик энергийг биологийн энерги болгож, сонсголын мэдрэлээр дамжуу лах үүрэгтэй байдаг. Харин чихэвчээр сонсож буй чанга дуу чимээ таны тархинд байрлах олон давхар хамгаалалт бүхий дотор чихэн дэх сормослог эсийг гэмтээж, улмаар сонсгол бууралт, дүлийрэлд хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, чихэвчээ хэт чанга сонсож, сонсголын мэдрэлээ гэмтээж байна гэсэн үг.
Чихэвчнээс болж сонсгол муудаж буйг залуучууд анзаардаггүй
Чихэвчийг хэрхэн зүй зохистой хэрэглэх, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн эмч О.Байгалмаатай ярилцлаа.
-Хүүхэд, залуус чихэвч их хэрэглэж байна. Чихэвчийг олон цагаар хэрэглэх, чанга сонсох зэрэг нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Сонсгол бууралт маш олон шалтгаантай. Тэдгээр шалтгааны нэг нь чихэвчний хөгжим яах аргагүй мөн. ДЭМБ-аас гаргасан заавар ч бий. 80-аас дээш децибелтэй чимээг чанга чимээ гэж үздэг бөгөөд хүн ийм чимээнд удаан байвал дотор чихний эсүүд гэм тэж, сонсгол нь мууддаг. Чихэвчний хөгжмийг нэг цагаас дээш хугацаагаар чанга сонсвол сонсгол бууралт үүсгэнэ. Мөн маш хүчтэй чимээний улмаас гэнэтийн дүлийрэл үүсдэг. ДЭМБ-ын заасны дагуу 60-70 децибелээр сонсож байвал 20-30 минутаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.
-Чихэвч хэрэглэхдээ эцэст нь тултал чангалдаг тохиолдлууд бий. Энэ нь онгоц буух үеийн хүчтэй чимээтэй дүйцдэг гэж үздэг юм билээ. Чихэвчнээс болж сонсголгүй болох тохиолдол нэмэгдэж байна уу?
-Тийм тохиолдол олон гардаг болсон. Гэхдээ чихэвчнээс болж сонсгол нь муудах тохиолдлыг залуучууд төдийлэн анзаардаггүй. Илт юм сонсохгүй болох, нэлээн хүндэрсэн үед нь эмнэлэгт ирдэг. Ер нь технологийн хөгжилтэй холбоотойгоор өсгөгчийн хажууд их зогсдог, дуу чимээ тэй нөхцөлд ажилладаг хүмүүс гэнэтийн дүлийрэлтэй болж ирэх нь элбэг. Тухайлбал, бар цэнгээний газар, уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс.
-Дуу чимээнээс болж сонсгол муудсан тохиолдолд эмчилгээгээр хэвийн болгох боломжтой юу?
-Хүчтэй дуу чимээ шууд дотор чихэнд нөлөөлдөг учраас түүнд байрладаг сормослог эсүүд гэмтэж, дахин нөхөн сэргэх боломжгүй өөрчлөлтөд ордог. Дотор чих хамгаалах олон давхаргатай боловч, чихэвчийг чихний суваг руу ойрхон хийж, удаан хугацаанд чанга хөгжим сонсвол гэмтээж байна гэсэн үг.-Чихэвч сонсголд нөлөөлөхөөс гадна бактер дамжуулдаг гэдэг. Энэ нь чихний үрэвсэл, халдварт өвчний шалтгаан болдог уу?
-Чихэвчээ хүнтэй сольж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Чихэвчийг байнга чихэж зүүснээс гадна чихний үрэвсэл үүсэх, түр зуурын сонсгол алдалтад хүрэх эрсдэлтэй. Хүйтэн сэрүүний улиралд малгайгүй явдаг хүмүүс бий. Энэ нь чихэнд сөргөөр нөлөөлдөг үү?
-Удаан хугацаанд малгай өмсөхгүй явснаас тархины судасны нарийсал үүсдэг. Улмаар чих шуугих, мэдрэлийн гаралтай сонсголын бууралт үүсэх эрсдэлтэй. Хүйтэнд удаан явснаас чих өвдөх, түр зуурын цочмог үрэвсэл үүсдэг шүү.
-Чихэвчийг хэрхэн зөв хэрэглэх ёстой юм бэ?
-Цаг үеэ дагаад технологи өндөр түвшинд хөгжиж байна. Чихэвч ч бас төрөл бүрээр хөгжиж, хэрэглэх хүмүүсийн тоо эрс өссөн. Чихэвчээр сонсож байгаа дууны хүчийг 100 нэгжээр хэмжих юм бол 50 децибелээр нэг цагийн хугацаанд хэрэглэх нь хамгийн зохистой хэрэглээ. Тиймээс тодорхой хүчээр, тодорхой заасан хугацаанд тогтмол бус сонсох хэрэгтэй. Манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд чихэвч болон гар утас хэрэглэхийг хориглосон боловч хяналтын механизм байдаггүй, хүүхэд залуусын дунд зохистой хэрэглээ төлөвшөөгүй, эрүүл мэндийн боловсрол дутуу дулимаг байгаа зэрэг нь энэ төрлийн өвчлөл нэмэгдэх эрсдэлийг үүсгэж байна. Чихэвчийг зохисгүй хэрэглэж сонсголын эрхтнээ гэмтээснээр эрүүл мэндийн хувьд хохироод зогсохгүй нийгмийн харилцаанд ороход түвэгтэй болох, өдөр тутмын амьдралын хэв маяг алдагдах, аюул осолд өртөх зэрэг олон сөрөг талтай. Өдгөө чихэвчний хэрэглээг хориглох боломжгүй болсныг зөвхөн утасгүй чихэвчний зах зээлийн судалгаа харуулж байна. Утасгүй чихэвчний нийлүүлэлт 2020 он гэхэд 129 сая ширхэгт хүрэх тооцоог Counterpoint Research компани гаргажээ. Энэ үзүүлэлтийг мөнгөн дүнгээр тооцвол утасгүй чихэвчний дэлхийн зах зээл 2021 он гэхэд 27 тэрбум ам.долларт хүрэх аж. Чихэвч зүүхийг хориглох боломжгүй ч ялангуяа зүй зохистой хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй байна.
Т.Намуунболор
ЗГМ