Чихэвчээр чихээ солих гэж үү...

Хотын хаана ч харж болох нийтлэг дүр төрх бол  чихнээсээ байнга л “нэг юм” уячихсан залуус. Автобусанд хажууд зогсох залуу рок хөгжим сонирхдог нь илт, хүрэх газраа очтол ойр хавийнхан нь хүмүүс  түүний хамт дуунуудыг нь ээлжилж сонсоно. Надад бол уйдахааргүй л байсан. Гэхдээ чихэвчний хөгжмийг хүмүүст сонсогдохоор чарлуулах нь өрөөлд ямар их дарамт, ядаргаа болдогийг залуус ойлгодоггүй.
Бас чихэвчнээс үүдэлтэй эмгэгт эрүүл эрхтнээ эрэмдэглэж буйгаа мэддэг болов уу.
АНУ-ын Вичитагийн их сургуулийн эрдэмтэд чихэвчээр кино үзэх, хөгжим сонсох, компьютер тоглох нь хэр хортойг судалсан дүнгээ энэ онд нэгтгэжээ. Судалгаагаар оюутан, залуус чихэвчний хөгжмийг 110-120 децибел /дб/ чанга сонсдогийг тогтоосон байна. Тэгвэл хүн иймэрхүү дуу чимээнд нэг цаг 30 минут орчим байхад л сонсох чадвараа түр алддаг аж.
Учир нь 85 дБ чимээ сонсголын эсүүдийг гэмтээн, аажмаар дүлийрүүлдэг нь нотлогджээ. Тиймээс чихэвчний хөгжим сонсох, компьютер тоглох бол өдөрт 60 минутаас ихгүй, дууны хурдыг 60 дБ-ээс хэтрүүлэхгүй байхыг зөвлөж буй.
Явган зорчигч замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүх, утсаар ярих  нь хуулиар хориотой
Чихэвчээр чихээ солих гэж үү...
Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б. Зоригоо “Замын хөдөлгөөний дүрмийн тавдугаар бүлэгт орсон явган зорчигчийн үүрэг гэж бий. Тодруулбал, тавдугаар бүлгийн 12.б-д заасны дагуу явган зорчигч замын хөдөлгөөнд оролцон гарцаар гарах үедээ ямар нэгэн байдлаар гар утас хэрэглэхгүй. Мөн түүнтэй ижил төстэй гарын оролцоотойгоор ашиглах таблет зэргийг хэрэглэхгүй байх, гарцаар гарахдаа чихэвчний хөгжим сонсохгүй байх, унадаг дугуй, скүүтер, роллик унан гарцаар гарахыг хориглосон. Жишээ нь чихэвчний хөгжим сонсоод гарцаар гарч байгаа тохиолдолд тухайн явган зорчигч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бусдыг өгч байгаа тусгай дуут дохиог сонсох боломжгүй улмаас зам тээврийн ослын хоригч болох эрсдэлтэй. Цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл тулгардаг учраас дүрмэнд энэхүү заалтыг оруулж өгсөн. Учир нь зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байгаа учраас гарцаар гарахдаа бусдын дуут дохиог сонсож байхаар оруулж өгсөн заалт өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгждэг" гэв.
Сонсголын эрхтэнд байрладаг мэдрэлийн эсүүд гэмтвэл нөхөн сэргээгдэх боломжгүй
ДЭМБ-ын судалгааг харвал 1994 оноос хойш сонсгол муудах эмгэг 33 хувиар нэмэгджээ. Үүнд хүмүүсийн хэтийдсэн хэрэглээ нөлөөлсөн гэж үзэж байна.
Хүний чих дууны долгион хүлээж аваад, тархи руу мэдээлэх үүрэгтэй. Давтамжийн хувьд 16-20 мянган Гц (Герц) хүлээн авах чадвартай. Шивнээ яриа 30, энгийн яриа 60, чанга хашгирахад 90, чихэнд эвгүй мэдрэмж төрүүлэх буюу сонсголын эрхтэн гэмтээх чимээ нь 120-130 дБ байдаг. 
Сонсголын эрхтэнд байрладаг мэдрэлийн эсүүд гэмтвэл нөхөн сэргээгдэх боломжгүйг мэргэжлийн эмч хэлж байна. УНТЭ-ийн сонсгол судлаач эмч Д. Уянгатай энэ сэдвээр ярилцлаа.
-Чихэвчний хөгжим байнга сонсдог хүмүүс хэр сонсгол буурах их эрсдэлтэй вэ?
-Дууных хөвчийг децибелээр хэмждэг. Сүүлийн гарсан MP, ipod3 зэргийн хамгийн дээд сонсох хүчин чадал нь 120 дб хүртэл чангардаг. Тэгэхээр 120 дб гэдэг нь хүний энгийн амьдралын жишээтэй харьцуулах юм бол онгоц буух үед гардаг тийм л чанга чимээ. ДЭМБ-аас сонсгол хамгаалах зөвлөмжүүдийг гаргасан. Түүнд 60/60 гэсэн дүрмийг баримтлахыг зааварладаг. Энэ нь өдөрт 60 минутаас илүү хугацаагаар чихэвч зүүхгүй. Мөн тэрхүү сонсож байгаа төхөөрөмжүүдийнхээ сонсож байгаа дууны 60 хувиас хэтрүүлэхгүй сонсож сонсголоо хамгаал гэдэг зөвлөмжийг өгдөг.
-Эмнэлэгт энэ асуудлаар хандаж байгаа иргэд олон уу?
-Чихэвчнээс үүдсэн сонсгол бууралт тохиолдсон цөөнгүй хүмүүс манай эмнэлэгт ирдэг. Хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөн долоо хоногт амьд хөгжмийн тоглолт үзэн нэг чих нь гэнэтийн дүлий болоод ирсэн 30 гаран насны үйлчлүүлэгч байна. Тэрээр хоёр цагийн турш хамгийн ойроос босоогоор үзсэн байсан. Амьд хөгжмийн тоглолт өөрөө 100-аас дээш дб-ийн онгоцны дуу шиг чанга чимээг удаан хугацаанд сонсоход гэнэтийн дүлийрэлд хүрэх эрсдэлийг үүсгэсэн байгаа. Тэрээр одоо хяналтад байгаа.
Чихэвчнээс шалтгаалсан сонсгол бууралтыг сэргийлэхийн тулд ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу өдөрт 60 минут буюу нэг цаг, сонсож байгаа төхөөрөмжийнхөө чангалж болох хэмжээний 60 хувиас ихгүйгээр сонсох хэрэгтэй.
-Сонсголын эрхтэнд байдаг мэдрэлийн эсүүд гэмтвэл нөхөн сэргээх боломжтой юу?
-Сонсголын эрхтний мэдрэлийн эсүүд нөхөн төлжих бол хүндрэлтэй. Харин дамжуулах замын эмгэг буюу гадна чихнээс дуу дамжаад эмгэн хальс чичирхийлээд цаашаа сонсголын яснуудаа хөдөлгөж дотор чихийг цочроосноор дуу цааш мэдрэл рүү явдаг механизмтай.
Хэнгэрэг цоорсон болон бусад олон эмгэгүүдийн үед сонсгол буурахад нөлөөлж болох эхний органик гаралтай бүтцийн өөрчлөлт өгсөн эмгэгүүдийн үед засаж болно. Харин сонсголын мэдрэлийн эмгэгүүдийн үед яг одоо ийм хагалгаа хийн нөхөн төлжүүлэх эм уугаад нөхөн сэргээнэ гэдэг бол хүнд. Зөвхөн чихэвч хэрэглэдэг өсвөр насны хүүхдүүд биш дуу чимээтэй орчинд ажилладаг / уул уурхай, газар тариалан,  хүнд болон хөнгөн хүнсний үйлдвэрлэл зэрэг/ удаан хугацааны туршид 85 дб-ээс дээш чанга чимээнд ажилладаг хүмүүс чихэндээ хамгаалах чихэвч, бөглөөс хийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах юм бол сэргийлж болох мэргэжлийн өвчин гэж үздэг.
Одоогийн байдлаар дэлхийд 1.1 тэрбум өсвөр насны хүүхэд дүлийрэлтэй байна гэж үздэг. Дүлийрэлд бол таг сонсголгүй биш, сонсгол бууралттай гэсэн үг. Дэлхийд 2018 онд ойролцоогоор 466 сая хүн сонсгол бууралттай эмгэгтэй байна. Энэ нь цаашид 2030 онд 630 сая, 2050 онд 900 сая хүн сонсгол бууралт буюу дүлийрэлтэй болж өсөх урьдчилсан таамаг бий. Энэ нь цэвэр чихэвч, шуугианаас үүдэлтэй дүлийрэлтэй холбоотой.
-Өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа яаж мэдэх вэ?
-60/60 дүрмийг баримтлалгүй явснаар өдөр бүр байнга чихэвчээр хөгжим сонсож явдаг хүмүүс 2-3 жилийн дараа сонсгол бууралттай болсон байдаг. Гэртээ зурагт, хөгжмийн дууг чангалж үзээд эсвэл хүн юм асуухаар лавлаж асуух гэх мэт. Мөн чихэнд ямар нэгэн жингэнэх чимээ сонстох, хүний ярьсныг сонсон ч доторх агуулгыг нь бүрэн ойлгоогүй, сонсоогүй тохиолдол давтагдаад байвал сонсгол буурах эрсдэлд хүрч байна гэж үзээд шалгуулах хэрэгтэй. 
Чихэвчээр чихээ солих гэж үү...
Япон улсад чихэвч зүүж яваад ямар нэгэн осолд орвол тухайн хүний буруу болохыг хуульчилсан. Түүнээс хойш чихэвч хэрэглэдэг хүний тоо 60 хувиар цөөрчээ. Харин манай улсад хуулиар хориглосон боловч зохицуулалт нь сул байгаа юм. Мөн чихэвч нь дан ганц сонсголд нөлөөлөхөөс гадна хүмүүс орчноос өөрийгөө тусгаарлачихсан явж байхдаа ямар нэгэн осол гэмтэлд өртөх магадлал өндөр байна. Тиймээс чихэвчний хэрэглээгээ багасгах, хянах хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Манайд ч гэсэн иймэрхүү байдлаар амиа алдсан хүн цөөнгүй. “Тэнгис” кино театрын урдуур чихэвчний хөгжим сонсоод алхаж явсан оюутан залуугийн дээрээс барилгын материал унаж, аминд нь хүрснийг хүмүүс мартаагүй. Олны ярьдгаар цаг үеэ дагах нь зүйн хэрэг ч аливаа зүйл хэмжээ хязгаараа давбал хор уршигтайг мэдэх хэрэгтэй болов уу.
Уг нь сүүлийн үеийн ухаалаг утаснууд чихэвчээр дуу сонсож, кино үзэхэд “60 дБ-ээс хэтэрлээ” гэж сануулдаг болжээ. Үүнийг мөрдөөд, өдөрт 60 минутаас богино хугацаанд хэрэглэж заншвал чихээ гэмтээх магадлал бага. Харин хязгаараас давж, үргэлжлүүлэн удаан хугацаагаар сонсвол хар залуугаараа дүлийрэх эрсдэлтэйг эмч нар сануулж байна. Учир нь сонсголын эрхтнүүдэд байрладаг мэдрэлийн эсүүд нэг л гэмтчихвэл насан туршдаа нөхөн сэргэдэггүй аж.
Дүлий хүн нийгмээс өөрийгөө тусгаарлах, ялгаварлан гадуурхагдах, цаашлаад ажил мэргэжилдээ гологдоно. Дан ганц сонсголд нөлөөлөхөөс гадна дуу шуугиан нь хүнийг маш их стресстүүлдэг байна. Сэтгэлийн дарамтаас болж тархи, мэдрэлийн эсүүд үхэж, үүний улмаас ажлын бүтээмж бууран, нойргүйдэх, сэтгэл гутрах зэрэг мэдрэлийн олон өвчинд өртөх эхлэл болдог гэнэ. Тиймээс өөрөөсөө шалтгаалж, бие махбодоо гэмтээдэг зуршлуудаасаа салах хэрэгтэй. Чихэвчээр чихээ солих гэж үү...
Eagle.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан