Дэлхий дээр ойролцоогоор 70 сая орчим хүүхэд аутизмтай. АНУ-д гэхэд 88 хүүхэд тутамд нэг хүүхэд, 54 эрэгтэй хүүхэд тутмын нэг нь аутизмтай байдаг. Нэг ёсондоо эрэгтэй хүүхэд илүү давамгай өртдөг аж.
Манай улсын хэмжээнд аутизмтай 18 мянга орчим хүн байх магадлалтай бөгөөд бүртгэлтэй 400 орчим хүүхэд бий гэдгийг албаныхан онцлов. Дэлхий нийтэд гаргасан тооцоогоор тухайн улсын нийт хүн амын 0.62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай гэж үздэг байна.
Хэдийгээр эмч мэргэжилтнүүд аутизм нь өвчин биш гэж нотолж, дэлхийн улс орнуудад ч бас харилцааны бэрхшээл хэмээн хүлээн авдаг болсон ч Монголд эсрэгээрээ хөгжлийн бэрхшээл гэх ойлголт олон нийтийн дунд “амь бөхтэй” байгаа нь аутизмтай хүүхдүүдийн ирээдүйн боломжийг хязгаарласаар байна.
Хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүдийг бусдын адил ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хамруулах боломжийг нээж өгөхөд төрөөс дэмжлэг үзүүлээсэй эцэг эхчүүд хүсдэг. Тэдний хувьд хүүхдээ бусдын адил цэцэрлэгт өгч, сургуульд явуулахыг хүсдэг ч удирдлагуудын зүгээс “Хүүхдийг тань элсүүлэх боломжгүй. Багш нарт аутизмын талаарх ойлголт байхгүй” гэх хариулт өгдөг аж.
Өнгөрсөн есдүгээр сард аутизмтэй нэгэн сурагч охиныг хоёрдугаар ангид нь элсүүлэхээс татгалзан эцэг нь цахим орчинд энэ талаар мэдээлж байсан. Тэгвэл үүний хамгийн сүүлийн жишээ бол нийслэлийн Баянгол дүүргийн 51-р сургуульд болсон үйл явдал.
Хүү хөнгөн хэлбэрийн аутизмтай бөгөөд өнгөрсөн есдүгээр сард тус сургуулийн нэгдүгээр ангид элссэн байна. “Миний муу хүүг сургуулийн эмч, мeнeжeр, багш нь танай хүүхдийг сургаж чадахгүй гэсэн. Аутизмтай хүүхдийг ялгаварлан гадуурхсан” хэмээн эцэг эх нь мэдэгдсэн билээ.
Жилээс жилд ийм асуудал боловсролын салбарт их гарах болсон. Тиймээс тэдний эрх ашгийг хамгаалж яамнаас ч дорвитой алхам авах хэрэгтэйг нийгэм харуулж байна.
Энгийнээр хэлвэл, аутизмын хөнгөн хэлбэр нь хүмүүсийн хэлдэгээр буруу эрхэлсэн, эрхийн балай, түүнчлэн хичээл заагаад юу ч ойлгодоггүй хүүхэд гэх мэтээр маш олон янзаар байдаг ч тэднийг аутизмын оноштой гэдгийг мэдэхгүй нь их байгаа
Цаашид ийм асуудлууд гарсаар л байх болно. Яагаад гэвэл Монголд ч төдийгүй дэлхий нийтээр ийм төрлийн хүүхдүүд их болсон. Тэднийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр ангилж болохгүй хэрэв тэгвэл хөгжиж чадахгүй улам л нийгмээс гадуурхагдах болно. Угаасаа тэд тийм биш .. Тэд бол зүгээр л энэ нийгмээс өөр сэтгэлгээтэй хүмүүс ... эднийг хөгжүүлэх ганц зүйл бол түүнийг ойлгодог хүлээн зөвшөөрдөг нийгэм болон хамт олон бас орчин ...
Боловсролын яам цаашид энэ талаар тусгай журам эсвэл хөтөлбөр гарах шаардлага цаанаасаа бий. Ийм хүүхдүүдийг багш нар ойлгохгүй бол ангийн нөхөд нь ч ойлгохгүй. Мэдээж хэрэг аутизмтай хүүхэдтэй харилцахад энгийн бөгөөд анх удаа харилцаж байгаа хүнд бол маш хүнд .. тиймээс боловсролын тогтолцоонд тэднийг нийгмээс гадуурхахгүйн тулд боловсон хүчин болоод тохирсон хөтөлбөр хэрэгжүүлэхийг нийгэм болоод дэлхий нийт цаанаасаа шаардаж байгаа.
Энэ төрлийн хүүхдийг хамгийн сайн хөгжүүлдэг газар бол Японы боловсролын систем гэж ч ярьдаг. Тиймээс боловсролын яам энэ талаар туршлага судалж, бусад хүүхдийг ч ийм гадуурхалд оруулах ёсгүй ... Хүүхэд өөрөө ийм төрөхийг хүсээгүй гэдгийг ойлгон ухамсарлаж, аутизмтэй хүүхдүүдийг нийгэмд болоод орчиндоо зөвөөр таньж ойлгуулах хэрэгтэй.
Япон улсад аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэггүй. Хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн ангилалд авч үздэг. Аутизмын эмгэгийн хүрээний хүүхдүүд дотор оюуны бэрхшээл хавсарсан хүүхэд ч байна, бас үгүй ч байж болно. Маш олон янзын хүүхэд байдаг гэсэн үг. Аутизмтай хүн бүр харилцан адилгүй, өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг монголчууд ойлгож хүлээн авахыг хүсч байна. Япон улсын хувьд хүүхдийг багаас нь олон үе шаттайгаар хөгжүүлэх сургалт, олон төрлийн үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлдэг. Нийгэмд өөрийн байр суурийг эзлэх бололцоотой иргэн болгон төлөвшүүлэхийн тулд ажиллаж байна. Японд аутизмын хүрээний эмгэгтэй олон хүүхэд насанд хүрч хөдөлмөр эрхлэх бололцоотой.
Харин манайд улсын сургуулиудын хүүхдийн тоо олон, тусгай хэрэгцээт боловсролын багш байхгүй, туслах багшгүй тул аутизмтай хүүхдүүд хоцрогдолгүй сурах боломж хомс. Хувийн сургуульд хүүхдийн тоо харьцангуй бага ч туслах багш байхгүй, бусад эцэг эхчүүдийн зүгээс гадуурхал их мэдрэгддэг. Манай улс боловсролын системээ шинэчилж, аутизмтай хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөр бий болгох, мэргэшсэн туслах багш бэлтгэх, тэгш хамрагдах нөхцөл бололцоог бүрдүүлэх гээд олон зүйл шаардаж байгааг боловсролын яамны бодлого баримталж буй эрхмүүд анхааралдаа авч энэ салбарт боловсон хүчнээ тусгайлан бэлтгэх шаардлага байгааг харуулж байна.
Хэдийгээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд сургахаар болсон ч энэ журам нь хангалттай хэрэгжих орчин бүрдэхгүй байгаа билээ.
Хамгийн энгийн жишээ л гэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд жирийн хүүхдүүдтэй нэг ангид суралцахаар ороход ялгаварлан гадуурхах хандлага хамгийн түрүүнд эцэг, эхчүүдээс ирдэг. Тэр хүүхэдтэй битгий найзлаарай, хол байгаарай гэх мэтээр санаатай болон санамсаргүй байдлаар хүүхдэдээ бусдыг ялгаварлан гадуурхах үзэл төлөвшүүлж байгаа.
Олон улсад ажиглагдсан туршлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэг ангид суралцсан жирийн хүүхдэд эцэг, эх болон багшийн тэр бүр зааж чаддаггүй хүнлэг зан, тусархаг байдал, өгөөмөр сэтгэл төлөвшсөн байдаг. Мөн амьдралын олон өнгийг мэдэж авч, өөрт байгаадаа сэтгэл хангалуун болох ч бий. Тиймээс энэ байдлыг арилгахын тулд эцэг эхчүүд та бүхэн ч гэсэн ихээхэн том үүрэг хүлээх юм шүү гэдгийг мөн тэмдэглэн хэрэгтэй болов уу.
Аутизмын талаарх хамгийн энгийн ойлголтыг та бүхэнд хүргэе. Эрт үедээ буюу хоёр хүртэлх насанд нь илэрч болох шинжүүд дурдъя.
- Нэрээр нь дуудахад хариу үйлдэл үзүүлэх нь ховор
- Харцаар харилцаа үүсгэхээс зайлсхийх
- Хөдөлгөөн даган дуурайх нь хязгаарлагдмал
- Нэгэн хэвийн, тогтсон хэв маяг, орчныг өөрчлөхөд тавгүйтдэг
- Бусад хүүхдийг сонирхох байдал хязгаарлагдмал
- Тааламжтай байдал болон сэтгэл догдлолоо хуваалцах байдал хомс
- Дүрт тоглоом тоглодоггүй
- Хязгаарлагдмал сонирхол болон давтагдмал зан үйл
- Дуу чимээ, материал, амт, харааны цочроогчид хэт мэдрэг эсвэл мэдрэмж сул
- Зарим тохиолдолд нойр, хоолны хямралтай байна