Ж.АНУ
Өнөө цагт сэтгэл зүйч хэмээх мэргэжил хамгийн өндөр орлоготой, хамгийн нэр хүндтэй ажил болон хувираад байна. Учир нь хотжилт, хүмүүсийн бөөгнөрөл нь биднийг илүү уян хатан сэтгэлгээтэй, илүү тэвчээртэй, бас илүү хүнлэг байхыг шаардаж буй. Иймээс ч бид өөрчлөгдөн буй энэ нийгэмд хэрхэн дасан зохицож амьдрах вэ гэсэн асуултын хариултыг сэтгэл зүйчид л өгдөг. Энэ нь ч хэн бүхний оюун санаан дахь “өвчлөл”-ийг эдгээх жор болон хувирчээ.
Үүнээс гадна хамгийн үл ойлгогдох нэг зүйл бол хүмүүсийн сэтгэл санааны “цангаа” хэзээ ч тайлагдашгүй бөгөөд сэтгэл зүйч дээр очих шаардлага нь энэ хэрээр үл барагдана гэсэн үг. Нэг ёсондоо энэ хязгааргүй хэрэгцээг хангахын тулд бид өөрөө өөртөө сэтгэл зүйч нь байх ёстой болж таарч байна. Ингэж чадаж гэмээнэ амьдралыг гэгээлгээр, амар амгалангаар олж харах нүд нээгдэнэ. Харин үүнд хүрэхийн тулд та яг л сэтгэл зүйч шиг сэтгэх хэрэгтэй гэсэн үг. Үүний тулд энэ мэргэжлийг эзэмшсэн хүмүүс та бидэнд хэлэхийг хүсдэг таван нууцыг энд хуваалцъя.
1. Сэтгэл санааны асуудал хэзээ ч дуусахгүй
Хүмүүс сэтгэл санааны асуудлыг хэзээ ч яг л аль нэг эд эрхтэний өвчлөлийн нэгэн адилаар хоорондоо ярьж хэлэлцдэггүй. Жишээ нь, хэн ч “Тэр сэтгэцийн асуудалтай” гэж ярихгүй. Харин үүний оронд “Тэр харгилтай” гэж ярих нь арай дөнгүүр санагдана. Гэвч үнэндээ энэ нь ямар ч утга илэрхийлж чадахгүй нь.
Гэтэл үнэн хэрэгтээ хүмүүс “Сэтгэцийн асуудалтай” гэдэг үгийг зөвхөн хэн нэгний ааш муутай байдал эсвэл хэн нэгнийг нүд үзүүрлэсэн үедээ л хэлэх нь элбэг. Тэгээд ч ихэнх хүмүүс сэтгэцийн асуудал гэж чухам юу вэ гэсэн өнөөх л асуултанд яг тийм ийм гэсэн хариултыг өгч чаддаггүй. Харин ч оронд нь “Би хэзээ ч сэтгэцийн асуудалтай байгаагүй. Би цоо эрүүл хүн” гэж хэлэх вий.
Гэвч үнэн хэрэгтээ таны сэтгэцийн эрүүл мэнд бусад эд эрхтэний л адилаар өдөр бүр өөрчлөгдөж, үзүүлэлтүүд нь дээш, доош хэлбэлзэж байдаг. Энэ бол хэзээ ч тасрашгүй зүйл. Энэ нь танд тохиолдох аливаа үйл явдлын өрнөлийн өндөр, намаас үүдэн бий болох давалгаатай зүйрлэж болох эд. Иймээс ч хүмүүс сэтгэцийн эрүүл мэнд хэмээх энэ тодорхойлолтыг ямар нэг хэм хэмжээгээр илэрхийлсээр ирсэн билээ.
2. Хэн ч сэтгэцийн эмгэгээр өвдөж болно
Маш олон хүн өөрийгөө сэтгэцийн өвчнөөр өвдөхгүй, үүнээс хамгаалах дархлаа тархинд нь анхнаасаа л соёолон бий болчихсон байдаг мэтээр ханддаг. Тэд өөрсдийгөө хэтэрхий ухаантай, хэтэрхий сайн боловсрол эзэмшсэн, хэтэрхий их мөнгө хөрөнгөтэй, сэтгэл гутралд орох асуудалтай бараг л орооцолдож үзээгүй, сэтгэцийн эмгэгээр хэзээ ч өвдөж байгаагүй, сэтгэлийн түгшүүрт хэзээ ч автаж байгаагүй мэтээр ярьдаг.
Гэвч үнэн хэрэгтээ хэн ч, хэдэн ч насандаа сэтгэцийн эмгэгээр өвдөж болно. Та өөртөө анхаарч, сэтгэцийн эрүүл мэндээ хянадаг гэж өөрийгөө дүгнэж болох юм. Гэхдээ та хэзээ ч удмаар тань дамжиж цусанд чинь урсаж байгаа генийн мэдээллээ хянаж, тархиндаа эргэлдэх удмын сангаа хасч, нэмж чадахгүй. Бас та хэзээ ч сэтгэцийн эрүүл мэндэд чинь халдах амьдралын аливаа учрал, тохиолуудаас өөрийгөө сэргийлж чадахгүй.
3. Сэтгэлийн тэнхээ хэмээх ойлголт нь сэтгэцийн эрүүл мэндээс огт өөр зүйл
Зарим хүн сэтгэцийн эмгэг нь зөвхөн сул дорой хүмүүст л тохиодог зүйл гэж хардаг. Гэвч үнэндээ сэтгэлийн хат болоод сэтгэцийн эмгэг хоёр нь газар, тэнгэр шиг хоёр өөр зүйл юм.
Өөрөөр хэлбэл, бяр чадал ба бие мах бодийн эрүүл мэнд хоёр огт өөр зүйлс гэдэгтэй л ижил. Биеэ бялдаржуулах нь илүү бяр чадал, эрч хүчийг танд бэлэглэх бол дасгал хөдөлгөөн нь бие махбодийг элдэв өвчнөөр өвдөхөөс сэргийлнэ. Гэвч том булчинтай байлаа гээд энэ нь таныг элдэв хавдар, эсвэл зүрхний шигдээсээр өвдөхгүй гэсэн баталгаа биш ээ.
Сэтгэлийн бяр үүнтэй л адил. Сэтгэлийн хаттай байх нь таныг эрүүл, урт наслуулах боломж бөгөөд, таныг сэтгэцийн өвчнөөр өвдөхөөс бас сэргийлж чадна. Гэвч энэ нь таныг сэтгэлийн түгшүүрт автах, эсвэл хоёр туйлт сэтгэлийн эмгэгээс хамгаалах дархлаа болж чадахгүй.
4. Тусламж авах маш олон арга бий
Заримдаа хүмүүс бусдаас тусламж хүсэхээс татгалздаг. Яагаад гэвэл тэднийг эмчилгээнд явуулна, эсвэл сэтгэл зүйчид өөрсдөөр нь хүүхэд насыг нь яриулах гэж оролдоно гэхээс тэд айдаг. Гэвч үнэн хэрэгтээ өөрөө өөрийнхөө сэтгэл зүйг эмчлэх удирдлага нь бидний гарт байдаг аж.
Та хүсэхгүй байгаа зүйлийнхээ тухай ярихгүй байж болно. Та заавал эмчилгээнд хамрагдах шаардлагагүй, бүр эмч бичиж өгсөн ч бай хамаагүй.
Таны сэтгэл зүйч танд тохирохгүй бол та өөр сэтгэл зүйчээр сольж болно.
Тэр бүү хэл, та сэтгэл зүйч дээр очихыг хүсэхгүй байгаа бол онлайнаар зөвлөгөө, мэдээлэл авч болно шүү дээ.
5. Сэтгэцийн эмгэг эмчлэгддэг
Та өөрийгөө сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байж магадгүй гэж бодож байгаа бол энэ сайны дохио. Яагаад гэхээр та өөрийнхөө шинж тэмдгүүдийг ажиглаад, түүнийгээ зохицуулахын төлөө байна шүү дээ. Магадгүй та өөрийнхөө эрүүл бус зуршил, жишээ нь, хэтэрхий их идэх, архи согтууруулах ундаа уух, тэр бүү хэл кинон дээрх шиг амьдралыг харсаар бодит байдлаас зугатах зуршилтай ч болсон байж болох юм.
Гэхдээ нэг зүйлийг танд дуулгая. Сэтгэцийн эрүүл мэндийн аливаа асуудал бүрт заавал шийдэл байдаг. Хамгийн гол нь сэтгэцийн эмгэг бүхэн маш хурдан эмчилгээ авдаг юм шүү. Эмчилгээ нь юу гэхээр, бясалгах, сэтгэлзүйн ярилцлага хийх зэрэг орно.
Тусламж хэрэгтэй үед бид юу хийх ёстой вэ?
Амьдралд тань тулгараад байгаа асуудал, харилцаанд үүсээд байгаа бэрхшээл, нуруун дээр чинь өрөөтэй тэр их стресс, бухимдлыг шийдэхийг хүсч байна уу. Тэгвэл та сэтгэл зүйчтэй ярилцаж эхлээрэй. Ингэснээр та таныг эмчлэх сэтгэл зүйчээ олж чадна.
Мөн сэтгэл зүйн зөвлөгөөний үнэ төлбөргүй утасны үйлчилгээ ч байдгийг бүү мартаарай.
Эх сурвалж:https://www.inc.com