Манай гаргийн таван эрэгтэй тутмын нэг, зургаан эмэгтэй бүрийн нэг нь хорт хавдрын ямар нэг шатны өвчинтэй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2018 оны тайлангаасаа эш татан мэдээлжээ. Гэхдээ анагаах ухаанд гарч буй амжилт дэвшлийн ачаар хавдрын зарим төрлийг эмчлэн үүгээр өвчилсөн олон хүний амьдралыг уртасгаж байгаа гэнэ.
Өнгөрсөн 2018 онд эмч нар 18 сая хүнийг хорт хавдрын шинж тэмдэг илэрсэн гэж оношилсон бол энэ өвчний улмаас 9.6 сая хүн амь насаа алдсан гэж шинжээчид дүгнэжээ. Бас илүү их найдлага төрүүлсэн статистик бол хорт хавдраар өвчилж хэмээн анхны онош тавьснаас хойш таваас илүү жил амьдарч байгаа хүний тоо 43.8 саяд хүрчээ. Хорт хавдраар өвчилсөн хүний тоо өсч байгаа нь хүн ам нэлэнхүйдээ хөгширч байгаатай холбоотой гэнэ. Хэргийн учир нь нас ахих тутам хорт хавдраар өвчлөх магадлал улам өсдөг байна.
Хавдраар өвчлөгчдийн бараг тал хувь нь Азийн орнуудад байгаа нь энд манай гаргийн хүн амын 60 хувь амьдардагтай холбоотой. Харин Европт дэлхийн хүн амын дөнгөж есөн хувь нь амьдардаг атал энэ өвчнөөр өвчлөгчдийн 23.4 хувь нь ногдож байна. Өндөр хөгжилтэй орнуудыг бодвол хөгжиж байгаа орнуудад хавдраар өвчлөгчдийн тоо хэд дахин өндөр байна. Харамсалтай нь Ази, Африкийн хөгжиж байгаа орнуудад хавдраар өвдсөн хүмүүс амьд гарах магадлал тун бага байна.
Хавдрын өвчлөлийн эхний гурван байрт уушгины, хөхний, шулуун гэдэсний хавдар орж нийт үхлийн шалтгааны эхний тавд багтаж байгаа юм. Орост гэхэд л хөхний хавдар эхний байранд, хоёрт нь түрүү булчирхайн, гурав дөрөвдүгээрт шулуун гэдэсний, уушгины хавдар ордог байна.
Хавдрын улмаас нас барж байгаа хүмүүсийн бараг 20 хувь нь уушгины хорт хавдраар өвчилсөн байжээ. Хоёрдугаарт шулуун гэдэсний хавдар, үүний дараа ходоодны, элэгний хорд хавдраар өвчлөгсөд орж байгаа юм байна. Хавдрын улмаас нас барагчдын эхний тавыг хөхний хорт хавдар эзэлж байна гэнэ.
Хавдрын өвчлөлийн зарим хэлбэр тодорхой улс орнуудад устаад байгааг бас энд тэмдэглэсэн байна. Хойд Америк, хойд Европын улс орнууд тамхитай тэмцсэний ачаар уушгины хавдрын өвчлөл огцом багасч, бараг устжээ. Урьдчилсан сэргийлэх арга хэмжээ сайжирсны үрээр эдгээр оронд умайн хүзүүний хавдар ч эрс буурсан байна.
Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн дунд уушгины хорт хавдраар өвчлөх явдал нэмэгдэж байгаад эмч нар сэтгэл түгшиж байна. Энэ өвчин эмэгтэйчүүдэд ихэсч байгаа хамгийн өндөр үзүүлэлт Хойд Америк, хойд болон баруун Европ, ялангуяа Дани, Нидерланд, мөн Хятад, Австрали, Шинэ Зеландад тохиолдож байна. “Энэ бол эдгээр улс орнууд, бүс нутагт тамхидалттай тэмцэх талаар эрчимтэй арга хэмжээ авах шаардлагатай байгааг харуулж байна” гэж ДЭМБ-ын төлөөлөгч доктор Фредди Брей онцлон тэмдэглэжээ. Ер нь хавдрын өвчлөл тархахын эсрэг дэлхий даяараа урьдчилан сэргийлэх иж бүрэн арга хэмжээ авах хэрэгтэй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг үзэж байна.
ДЭМБ-ын энэ илтгэлийг Хорт хавдар судлалын Олон улсын агентлагийн мэргэжилтнүүд манай гаргийн 185 орны хавдрын 35 хэлбэрт хийсэн судалгаа тайланг үндэслэн бичжээ.
Хавдар үүсдэг гол шалтгааныг Нобелийн шагналтан нэрлэлээ
Бие организмын аюулт хувьсал өөрчлөлт, хорт хавдар нь хүний биед цацраг идэвхэт бодис, нарны хэт ягаан туяанаас ч биш, хүнснээс ч биш харин хүний бие организм дахь хүчилтөрөгч, усны эргэлтээс болдог гэж Нобелийн химийн шагналт Шведийн эрдэмтэн Томас Линдал энэ сарын 13-нд Бүх Оросын XIV “Nauka 0+” наадмын москвагийн хэсэгт оролцох үеэрээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. “Анагаах ухаанд мэдэгдэж байгаа хорт хавдрын бараг бүх тохиолдлууд <...> эсийн доторх байгалийн үйл явц, гидролиз буюу усны задрал, хүчилтөрөгчийн түрэмгий хэлбэрүүд үүссэнтэй холбоотой гэдэг дээр би мөнгө тавьж мөрийцөхөд ч бэлэн байна” гэж Нобелийн шагналтан сэтгүүлчдэд хэлснийг ТАСС агентлаг эш татжээ.
Хүчилтөрөгч, усыг хүний биеэс гарахгүй л байвал хавдрыг бүрэн ялж болно гэж тэр тэмдэглэсэн байна. Томас Линдал 2015 онд Нобелийн химийн шагнал хүртэгчдийн нэг. Тэр жил химийн шагналыг химич, молекулын биологич гурван эрдэмтэн хүртсэний нөгөө хоёр нь АНУ-ын Пол Модрич, Азиз Санкар нар байсан юм.
Х.Өлзийбаяр
Ардчилал таймс