Томуугийн вакцин хийлгэхэд анхаарах зүйлс


Орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, бүх шатны боловсролын байгууллагууд өндөр ачаалалтай ажиллаж байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газраар явснаар амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгооор томуугийн вакциныг хийдэг уламжлалтай. Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Азийн орнуудад вакцины үйлдвэрлэлээр тэргүүлэгч Солонгос улсын GREEN CROSS компанийн GC FLU томуугийн вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийдэг юм. Ингээд томуугийн вакцин гэж юу болох, түүний ач холбогдол, илэрч болох гэж нөлөө зэргийн талаархи мэдээллийг хүргэе.
Томуу гэж юу вэ?
Томуу бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Томуугийн халдвараар аль ч насны хүмүүс өвчилж болдог бөгөөд халдвар авсан хүн өвчилж, ханиаж найтаах үед агаар дуслын замаар халдвар тархаж бусдад халддаг. Халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, бие шархирч, булчингаар өвдөх, ядрах шинжээр илэрч голдуу 3-5 хоног үргэлжилдэг. Ихэнхдээ бүрэн эдгэрдэг ч зарим хүмүүс хүнд өвддөг. Бага насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, зүрхний болон бусад архаг өвчтэй хүмүүст нянгийн хоёрдогч халдвар болон уушгины хатгаагаар хүндэрдэг. Жил бүр дэлхий дээр олон сая хүн томуугийн халдвараар өвчилж, үүнээс тодорхой хувь нь хүндэрч, нас бардаг байна.
Томуугийн вакцин
Улирлын томуугийн эсрэг вакцин нь томуугаар өвчлөх, хүндрэх, өвчилсний дараа бусдад халдаах эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга юм. Томуугийн вакциныг бугалганы булчинд тарьж хэрэглэх ба дотроо идэвхгүйжүүлсэн (үхүүлсэн) вирусийн 3-4 омгийг агуулдаг ба тухайн жилийн томуугийн вакцины найрлагад орох вирусийн омгийг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас баталдаг. Вакциныг хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаална. Томуугийн вакцин байнга хувьсан өөрчлөгдөж байдаг учраас жил бүр шинэ вакцин хийлгэх шаардлагатай болдог. Томуугаар өвчлөх эрсдэлээ бууруулах хүсэлтэй хүн бүр улирлын томуугийн эсрэг вакцинаар хийлгэх талаар бодох нь зүйтэй.
2017-2018 оны улирлын томуугийн эсрэг вакцины найрлага
Томуугийн вакциныг тухайн жилд дэлхийн хүн амын дунд эргэлдэж байгаа А болон В Хүрээний томуугийн вирусыг тахианы үр хөврөлд өсгөвөрлөн, вирусыг ялгаж цэвэршүүлэн, идэвхгүйжүүлж (үхүүлж) дахин цэвэршүүлэх замаар гарган авсан вирусийн гадаргуугийн уураг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон томуугийн тандалтын сүлжээнээс 2017-2018 онд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст эргэлтэд орж болзошгүй вирусийн омгуудаар энэ жилийн томуугийн вакцины найрлагыг тодорхойлж, баталсан байна. Вакцины найрлагад дараах омгууд багтсан.
A/Michigan/45/2015 (H1N1)pdm09-төст вирус;
A/Hong Kong/4801/2014 (H3N2)-төст вирус;
B/Brisbane/60/2008-төст вирус.
Уг найрлага нь аль ч орны вакцин үйлдвэрлэгчийн үйлдвэрлэж буй томуугийн вакцинд ижил байна.
Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс (халдвар авах эрсдэлтэй):
-Ясли цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд
-Хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс (Цэргийн албан хаагчид)
-Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад
-Чихрийн шижин бөөрний үйл ажиллагааны алдагдал гэх мэт янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр байнга үйлчлүүлэгсэд
-Уушгины багтраа гэх мэт амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс
Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс
-Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс
-Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс
-6-аас доош сартай хүүхдүүд
Илэрч болох гаж нөлөө
Томуугийн вакцин аюулгүй, голдуу гаж нөлөө илэрдэггүй. Гэхдээ зарим тохиолдолд вакцин хийлгэсний дараа гаж нөлөө илэрч магадгүй тул 15 минутын турш сууж хүлээх хэрэгтэй. Вакцин тарьсан хэсэгт бага зэрэг хөндүүрлэх, хавдах, улайх, бага зэрэг халуурах зовиур нь вакцинд үзүүлэх бие махбодын хариу урвал сайн явагдаж байна гэж үзэх бөгөөд ихэнхдээ 1-2 хоногийн дараа арилна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан