Улсын хэмжээнд тэмбүү өвчний улмаас 2018 онд 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгджээ

 Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн "Улаан тууз" кабинетийн эрхлэгч, их эмч Н.Эрдэнэцацралаас дараах тодруулгыг авлаа. 


Тус аймгийн хэмжээнд тэмбүүгийн өвчлөл 75, заг хүйтэн, трихомназ 35, мөөгөнцөр, нянгийн гаралтай халдварт өвчин өндөр байна. Үүнийг эрсдэлт бүлгийн хүрээнд авч үзэхэд судалгаа шинжилгээ, илрүүлэлт ахицтай байснаар үр дүн өндөр харагдаж байгаа юм. ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих, үндэсний хэмжээний тоон судалгааг шинэчлэх зорилгоор "Үндэсний хэмжээний харуулдан, тандалт судалгаа"-ны ажлыг 10 аймгийг сонгон явуулж байна. Энэ судалгаанд Хэнтий аймагт 200 хүнийг хамруулахаар эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Мөн жирэмсний хяналт хангалтгүй байснаар төрөлхийн тэмбүү өвчин улсын хэмжээнд өндөр тохиолддог. Хэнтий аймагт 2017, 2018 онд тус бүр хоёр бүртгэгдсэн бөгөөд энэ онд бүртгэгдээгүй байна. Харин улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих тэмбүү халдварт өвчний улмаас 2018 онд 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгджээ.


Монгол Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин социализмын үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Энэ нь нийгмийн хүчин зүйл болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт, ядуурал зэрэг сөрөг үзэгдлээс үүдэлтэй. Иймээс Эрүүл мэндийн яамнаас бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор улс орон даяар "Тэмбүүг устгая" аяныг зохион байгуулж эхэлсэн. Аяны хүрээнд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс зорилтот ажлуудыг эхлүүлээд байгаагийн нэг нь өсвөр үеийн хүүхдүүдэд зориулсан кабинет нээж, зөвшөөрлийн дагуу охидын үзлэг хийх, зөвлөгөө өгөх,  эрсдэлт бүлгийн буюу уул уурхай, хөдөлгөөнт хүн амд чиглэсэн сургалт, мэдээллийг хүргэж, үзлэг шинжилгээнд хамруулж байна. 
Сүүлийн үед төр засгаас бодлогоор зорилтот бүлэг рүү чиглэсэн үзлэг шинжилгээг тогтмол зохион байгуулж байгаатай зэрэгцэн ид ажиллаж хөдөлмөрлөж буй залуус, дунд үеийнхэн энэ тал дээр орхигдох, албан байгууллагууд ажилтнуудаа шинжилгээнд хамруулахгүй байгаа зэрэг шалтгаанаас болж тэмбүү өвчин газар аваад байна. 

Энэ бол зөвхөн Эрүүл мэндийн салбарын асуудал бус хувь хүний эрүүл мэндийн асуудал. Тиймээс иргэддээ тэмбүү өвчний шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс уриалж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан