Тэмбүүгээр өвчилсөн эмэгтэйгээс хавьтагчаа хэлэхийг хүсэхэд “Мэдэхгүй, согтуу байсан, хэн гэдгийг нь санахгүй байна” гэх мэт учир ойлгомжгүй хариулт өгдөг талаар эмч хэлж байна.
Бас нэг сумын малчин эр жирэмсэн эхнэр нь гэнэтхэн битүүний орой өвдөлт өгөхөд “Цагаан сар өнгөрөөгөөд төрж болохгүй юу” гэж асуусан гэнэ. Нөхрийг ятгахаар сумын эмч болоод засаг дарга, хэсгийн төлөөлөгч гээд сумандаа л удирдагчид болох хүмүүс очиж учирлаж байж эхнэрийг нь амаржуулахаар авч явсан тухай сумын эмч ярьсан юм. Үүнээс манай монголчуудын бэлгийн боловсрол аль хэр түвшинд явааг харж болмоор.
Тэмбүүг эмчлүүлэхгүй бол эрүүлээр сэтгэж чадахаа больдог
Бэлгийн замын халдварт өвчин гэхээр л ДОХ гэж хамгийн түрүүнд ам нээдэг байв. Харин сүүлийн үед тэмбүүг “сүрхий” ярих болов. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачлагаар бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн өвчлөлийг бууруулах, улмаар төрөлхийн тэмбүүг устгах зорилгоор "Тэмбүүг устгая" аяныг эхлүүлж эрүүл мэндийн салбарын хэмжээнд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Сайдын эхлүүлсэн энэ ажил үр дүнгээ өгч тэмбүүгийн халдвар, тархалт буурч эхэлжээ.
2018 онд: Өмнөх онтой харьцуулахад халдварт өвчин 2226 тохиолдлоор, тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан байна.
2019 онд: Эхний 5 сард тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурчээ.
Гэхдээ хос хоёр “Хамт очиж шинжилгээ өгье” гээд хөтлөлцөөд ХӨСҮТ-ийг зорихгүй л байна. Харин ч “Ичмээр юм” гэж гэрэвших эрчүүд олон. Яахав, амьдраад, амьсгалаад байж болж байхад заавал шинжилгээ өгөхгүй, эмнэлэгт хандахгүй байж болно. Гэхдээ та тэмбүүтэй, түүнийгээ мэдэхгүй явбал яах вэ?
Тэмбүүгийн халдвар авсан хүнд зовиур, шаналал илрэхгүй. Тиймээс ч халдвар авснаа өөрөө ч мэдэхгүй тараагаад л явдаг. “Тэмбүү хүний бүх эрхтэнг маш удаанаар, аажмаар гэмтээдэг. Яс, үс, арьс, салст. Бүр мэдрэлийн эсийг хүртэл гэмтээж хүн эрүүлээр сэтгэж чадахаа больж эхэлдэг. Мэдрэлдээ нөлөөлтөл тэмбүүг тээж явахгүйн тулд эрт үед нь илрүүлж оношилж, эмчилж эдгээх асуудал маш чухал байна” гэж ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын ТС албаны зөвлөх эмч Х.Даваажав ярилаа.
Нэг ёсондоо тэмбүү өвчнөө эрт илрүүлж, түүнтэй тэмцэхгүй “Яавал гэж ” гээд яваад л байвал эцэстээ эрүүлээр сэтгэж чадахгүй “тэнэг” болох нь. Тэгвэл тэмбүүгээр хэн өвчилж болох вэ? Тэмбүү өвчтэй хүн Монголд хэд байна вэ?
Бэлгийн замаар дамжих халдвар “тээж” болох эрсдэлт бүлэг гэж байдаг аж. Тухайлбал биеэ үнэлэгч, эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ордог эрэгтэйчүүд. Мөн хөдөлгөөнт хүн ам буюу олон сараар тээвэрт явдаг жолооч нар, уул уурхайд ажиллагчид, наймаа арилжаа эрхлэгчид, хил гаалиар олон удаа зорчигчид. Эдгээр хүн амыг түлхүү үзлэг шинжилгээнд хамруулах хэрэгтэй гэнэ.
ДЭМБ-ын тооцооллоор дэлхий дахинд жил бүр бэлгийн замаар дамжих халдварын 376 сая тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Үүнээс тэмбүүгийн 6.3 сая тохиолдол бүртгэгддэг аж.
Харин Монгол Улсад 2018 онд улсын хэмжээнд 27 төрлийн 42 мянган халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар 38.3 хувь буюу 16130 тохиолдол, үүн дотроо тэмбүүгийн өвчлөл 38.2 хувьтай байна. Тэмбүүгийн өвчлөл Хөвсгөл, Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ зэрэг аймагт улсын дунджаас өндөр байгаа бөгөөд нөхөн үржихүйн буюу 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна.
Нэг л хавьтагчдаа үнэнч байя
Нөхөн үржихүйн насныхан буюу залуучууд хайрлаж дурлана, хамт шөнийг өнгөрөөх нь дамжиггүй. Гэвч нэг л хавьтагчтай байж, түүндээ үнэнч үлдэхийг эрүүл мэндийн салбарын ажилчид учирлаж байна. Тэмбүүгээр өвчилсөн эмэгтэйгээс “Хэнтэй хавьталд орсноо хэлчих” гэхээр өмнөөс нь бараг л “Тэр олноос алийг нь гэх вэ” гэх утгатай зүйл хэлэх тохиолдол цөөнгүй гэнэ.
Тэмбүүтэй огт тэмцэхгүй байснаа эсвэл тэмбүү огт байхгүй байснаа гэнэт гараад ирсэн мэт нийгэм ойлгож байна. Гэвч тэмбүү өвчин аль 1990-ээд оноос өмнө ч байсан. Тухайн он жилүүдэд хавьтагчдыг илрүүлэгч гэх чухал ажилтан орон нутгаар бүтэн тойрч үзлэг хийж, хавьтагчыг олж тогтоодог байж. Түүнийг диспансер гэнэ. Одоо цаг үед энэ ажилтан нэн шаардлагатай байгааг ХӨСҮТ-ийн зөвлөх эмч Х.Даваажав хэлсэн.
Энэ мэргэжилтэн хэн ч байж болох аж. Заавал эмнэлгийн дээд мэргэжилтэн бус бага эмч, сувилагч ч сургалтад хамрагдан мэргэшээд энэ ажлыг хийх болох юм байна. Өмнөөс нь хүний эрх ярьдаг, хавьтагчаа хэлэхгүй гүрийдэг өвчтөнүүдтэй эмч уйгагүй ажиллаад л байвал эцэстээ хэлж, эрт илрүүлэг амжилт олдог байна. Ингэж уйгагүй ажиллах ажилтан хэрэгтэй байгаа аж.
Уг нь өөртөө хайртай, өвчин тээгээд яваа юм биш байгаа хэмээн санаа зовнидог бол очоод үнэгүй шинжилгээ өгөх боломж нээлттэй. ХӨСҮТ-д “Улаан тууз” эмнэлэг ажиллаж буй. Уг эмнэлэгт халдварт өвчний үнэгүй шинжилгээ хийж байгаа. Тус эмнэлэгт долоо хоногт 280 хүн тэмбүү өвчний асуудлаар ханддаг байсан бол одоо 540 болж хоёр дахин нэмэгдсэн сайн мэдээ сонсогдож байна.
Тэмбүүтэй эхийн ураг хэвлийдээ эндэж байна
Залуус тэмбүүгээр өвчилсөн бол түргэвчилсэн оношилгоо хийлгэж, эмчилгээг маш хурдан эхлүүлснээр бүрэн эдгэрэх боломжтой. Тухайлбал 2.4 сая единицийн Пеницилл-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулснаар бүрэн эдгэрдэг байна.
Харин хамгийн том асуудал болоод байгаа зүйл бол жирэмсэн эмэгтэйчүүдээс тэмбүүгийн халдвар ихээр илрэх болжээ.
Төрөлхийн тэмбүү өвчин сүүлийн таван жил тутам 30-аас дээш илэрч, зөвхөн 2017-2018 онд 49-59 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. 2018 онд бүртгэгдсэн 49 тохиолдлын 38 хувь нь жирэмсний хяналтад ороогүй, хяналтад хамрагдсан жирэмсний 20 хувь нь тэмбүү илрүүлэх шинжилгээг хийлгээгүй байжээ. Улмаар бүртгэгдсэн тохиолдлын 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгдсэн байна. Харин 2019 оны эхний таван сард бүртгэгдсэн 29 тохиолдлын 15 нь нас баралт, амьгүй төрөлт байна. Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 41 тохиолдол бүртгэгдсэнээс 19 нь энджээ.
Уг нь тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж, өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд хэн хэн нь эрүүлжих боломжтой. Гэтэл жирэмсний хяналтдаа огт ордогггүй, оройтож ордгоос өвчнийг илрүүлж чадахгүй, илрүүлсэн ч хожимдсоноос болж ураг эндэх, амьгүй төрөх нөхцөл үүсдэг байна.
Жилд 40 мянган эх амаржиж байгаа. Үүнээс 50 гаруй хувь нь нийслэл Улаанбаатар хотод төрж байна. Төрөлхийн тэмбүү өвчин жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд жилд 30 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Тэмбүүтэй эхээс төрсөн “тэмбүүтэй нярай” гэж оношлогдсон ургийн 30-40 хувь нь золгүй буюу эхийнхээ хэвлийд эндэх эсхүл, “амьгүй төрөлт” болдог аж. Энэ бол сэтгэл эмзэглэх тоо баримт.
Та тэмбүү “тээж” яваа юм биш биз?
Тэмбүү зөвхөн бэлгийн замаар дамжин халдварлагддаг. Өвчний явц олон үе шаттай, хүний бүх эд эрхтэнг гэмтээдэг, удам дамждаг, архаг удаан явцтай тул та шинжилгээнд хамрагдаж байж л сая түүнийг илрүүлнэ.
Шинж тэмдэг:
Халдвар орсон газар ( бэлэг эрхтэн, уруул, шулуун гэдэс орчим) зөв дугуй ба зуйван дугуй хэлбэртэй, өвчингүй, сууриараа хатуу яр гарна. Энэ нь халдвар авснаас хойш дунджаар 2-3 долоо дараа гарах ба маш их халдвартай. Яр нь зовууригүй учир хүмүүс түүнийг анзааралгүй өнгөрдөг ба энэ нь 1-5 долоо хоногийн дараа өөрөө алга болох учир эмчид хандахгүй байх нь элбэг.
Эмчилгээ:
Эмчилгээ хийгээгүй тохиолдолд тэмбүү өвчин 2-р шатандаа орно. Тэмбүүгийн 2-р үе халдвар цусаар тархан, яр алга болсноос хойш 1-6 сарын дараа бүх биеэр тууралт гарна.
Өвчин үүсгэгч цусаар дамжин бүх бие махбодид тархдаг. Тууралт нь ямар ч өвдөлтгүй бас загатнахгүй бөгөөд хэдэн жилийн турш нэг гарч, нэг алга болох маягаар гарна. Зарим хүний үс унана. Энэ үе 2 сараас 2-3 жил үргэлжилнэ.
Далд үеийн тэмбүү хоёрдугаар үеийн шинж тэмдэг илрэхгүй болох нь өвчин далд хэлбэрт орсныг илтгэнэ. 10-20 жил ч үргэлжилж болно. Эд эс далдуур гэмтсээр л байна. Ялангуяа цусны судас, мэдрэлийн тогтолцоо гэмтэнэ.
3-р үеийн тэмбүү халдвар авснаас хойш 10-40 жилийн дараа илэрч болно. Хамгийн чухал эрхтэн болох тархи, зүрх, хүний хамрын ясыг дотроос нь идсээр гуншаа болгодог.
Бүх жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд байхдаа (эхний 3 сард) цусны шинжилгээ өгснөөр тэмбүүгийн шинжилгээ хийгддэг. Хэрэв жирэмсэн эмэгтэй тэмбүүтэй гарвал эмчилгээг урагт нөлөө багатайгаар хийдэг. Эмчлээгүй тохиолдолд ураг зулбах, дутуу төрөх цаашилбал, төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх аюултай.
Манайхан эрүүл мэнд эрхэм баян хэмэн хэлэх дуртай хэр нь эрүүл эсэхээ шалгуулахаас ичдэг ард түмэн. Тэмбүү “тоглоом” биш. Мэдрэлийн системийг гэмтээж үхэлд ч хүргэх аюултай. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх, оюуны чадавхгүй болох, саажилт үүсэх гэх мэт үр дагавар гардаг байна.
Эцэст нь аминдаа хайртай байж сайн дураараа шинжилгээнд хамрагдаж, амьдралдаа үнэнч байж бэлгийн ганцхан хавьтагчтай байхыг уриалж байна. Эрхэмлэх зүйлтэй амьдрал үнэ цэнэтэй байдаг даа.
Г.Сүрэн
Shuud.mn