Бид өдөр тутамдаа хуванцар савыг өргөн хэрэглэдэг ч 1-7 хүртэлх тоон кодоор ангилан тэмдэглэгээ хийсэн байдгийг иргэд анзаардаггүй.
Цахим орчноор нэг чих дэлсэх хуванцар савны хор хөнөөлийн талаар бид мэддэг ч хэрхэх талаар мэдлэг хомс байдаг нь энэ асуудлын гол шалтгаан болж байна. Бид ус уух эрүүл мэндэд хичнээн сайныг мэддэг ч тэрхүү усаа юунд хийж уувал эм эсвэл хор болохыг мэддэггүй байна. Та усаа юунд хийж уудаг вэ? Ямар сав ашиглаж байна вэ?
1955 онд Хуванцар үйлдвэрлэгчдийн холбооноос хуванцарыг дотор нь долоо ангилсан ба зөвхөн зориулалтаар нь ашиглах ёстой байдаг гэнэ. Хүнсэнд хэрэглэх зориулалтгүй хуванцар савыг хүнсэнд ашиглах нь маш том хор хөнөөлтэй аж.
Гэтэл бидний гаргадаг хамгийн том алдаа бол эдгээр хуванцар материалын тэмдэг тэмдэглэгээг ангилж мэдэхгүйгээс гадна, үл тоомсорлон зориулалтын бус шингэн болон хуурай хүнс савлаж хадгалах, буцалсан халуун зүйлс хийх, өндөр температурт халаах гэх мэт тухайн саван дахь химийн элемент хоол хүнстэй урвалд орох бүхий л хортой орчинг бүрдүүлдэг.
Гэхдээ хуванцар сав болгон аюултай хортой гэсэн үг биш юм. 1 болон 5 гэсэн тэмдэглэгээтэй хуванцар сав нь хүнсэнд ашиглахад тохиромжтой аюулгүй. 2,4 гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савнуудыг хүнсний зориулалтаар ашиглаж болох ч халааж огт болохгүй. Харин 3,6,7 гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савнуудыг хүнсэнд ашиглаж огт болохгүй.
Бидний өдөр тутамд хэрэглэдэг ус, ундаа савладаг хуванцрын бүтцэд Бисфенол А гэгч бодис ордог ба энэхүү бодис нь бэлгийн гормоны үйл ажиллагааг төөрөгдүүлж, хөхний хорт хавдарыг үүсгэдэг бөгөөд эр бэлгийн эсийг илэрхий бууруулдаг байна.
Хуванцар савны хорын хамгийн аюултай нь ямар нэгэн шинж тэмдгээр шууд илэрч эрүүл мэндэд тань нөлөөлдөггүй, харин аажим аажмаар хүний эрүүл мэндэд нөлөөлж тухайн хүний биед байгаа өвчин эмгэгийг идэвхижүүлж, дархлааг тань муутгадаг байна. Гэтэл иргэд сүү,айраг ундны усаа 10-120 литрийн цэнхэр, шар хуванцар савнуудад хадгалдаг жишиг тогтсон нь тухайн савны хорт бодис уух зүйлст шингэж төрөл бүрийн өвчлөл үүсгэсээр байгаа тул Мэргэжлийн Хяналтын газраас хэрэглэхгүй байхыг байнга сануулдаг.
А.Хулан