Эмнэл зүйн туршилт бол эрүүдэн шүүлтийн хэлбэр
Монголын эрүүл мэндийн үүсгэл буюу MHI төрийн бус байгууллага Харвардын стандартын дагуу Монгол Улсад хэрэгжүүлсэн "Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө" сэдэвт судалгааны ажлынхаа хаалтыг өнгөрсөн долоо хоногт хийв. Энэ төсөл уг нь 2016 оны хичээлийн жилээс эхлэн 2019 оныг дуустал хугацаанд хэрэгжих ёстой байжээ.
Хугацаанаасаа хагас жилийн өмнө хаалтаа хийх болсон энэ судалгааны ажил жилийн өмнөөс олны анхааралд өртсөн бөгөөд цагдаа, тагнуулын байгууллагад шалгагдаж, эрүүгийн хэрэг үүсч байжээ.
Төслийн хүрээнд хийсэн ажлууд гэвэл 2015 онд 9814 хүүхдэд сүрьеэгийн далд халдварыг илрүүлдэг IGRA шинжилгээ болон Д аминдэмийн түвшин тогтоох шинжилгээ хийж 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай, 129 хүүхэд идэвхтэй сүрьеэ буюу сүрьеэ өвчнөөр өвдсөн байсныг илрүүлжээ. Ингээд сүрьеэгийн халдвартай болон өвчилсөн хүүхдүүдийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран илрүүлж, эмчилгээнд хамруулсан юм байна. Харин сүрьеэгийн халдваргүй 8214 сурагчид гурван жилийн турш долоо хоног бүр нэг тун Д витамин уулгаж, явцын дунд хэд хэдэн удаа цусны шинжилгээ авчээ.
Гэтэл ийнхүү туршилт судалгаанд хамрагдаж Д витамин хэрэглэсэн зарим хүүхдийн биед сөрөг нөлөө илэрч эхэлсэн байна. Ингээд эцэг, эх нь гомдол гаргаснаар Харвардын стандартаар явуулж буй гэх дээрх судалааны ажил олны анхааралд өртсөн байна. Тухайлбал, энэ төсөлд хамрагдсан нийслэлийн 15 сургуулийн зарим сурагчийн биед сөрөг нөлөө илэрсэн тухай гомдол “Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” төрийн бус байгууллагад ирснээр тус байгууллагынхан жилийн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэн, уг төслийн үйл ажиллагааг зогсоох талаар БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ-нд шаардлага хүргүүлсэн гэдгээ мэдэгдэж байв.
Үүний хариуд Монголын эрүүл мэндийн үүсгэл буюу MHI төрийн бус байгууллага “Монголын эцэг эхчүүдийн зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Алтанжолоог гүтгэлэг тараасан хэмээн цагдаад өгч, эрүүгийн хэрэг үүсгүүлсэн аж. Уг хэргийг саяхан хэрэгсэхгүй болгосон байна.
Энэ үйл явцаас олон нийт аль талынх нь зөв, үнэн гэдгийг мэдэх боломжгүй. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Д аминдэм ямар нөлөөтэйг судлан, хүүхдүүдэд үнэгүй аминдэм өгч байгаа Харвардын их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны нэгж байгууллагад итгэх үү? Тэр аминдэмийг нь уусан хүүхэд нь турж эцэж, уушиг нь өвддөг болсон гэж мэдээлж байгаа эцэг, эхчүүдэд итгэх үү?
Энэ асуултын хариу багагүй хугацааны дараа тодорхой болж байгаа аж. Юуны өмнө Харвардын их сургуулийн 100 хувийн санхүүжилтээр хэрэгжсэн "Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө" сэдэвт судалгааны төсөл хугацаанаасаа хагас жилийн өмнө хаалтаа хийсэн нь эхний хариулт. Уг төслийн үйл ажиллагаанд тодорхой зөрчлүүд илэрсэн тул цагдаа, мэргэжлийн хяналт, хүний эрхийн байгууллагууд шалгалт хийж, улмаар үйл ажиллагааг нь зогсоосон юм байна.
Судалгаа, туршилтад хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүдийн гомдол, мэдээллийн дагуу дээрх төслийн үйл ажиллагааг цагдаагийн байгууллага шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн ч прокурор хэрэгсэхгүй болгосон аж.
Анхаарал татах асуудал нь Д аминдэм уусан зарим хүүхдийн биед сөрөг нөлөө илэрсэн, хүүхдүүдэд уулгаж байгаа Д аминдэм нянгийн бохирдолтой байсан, мөн сүрьеэгийн шинжилгээг арьсны сорилоор авдаг атал туршилтад хамрагдсан хүүхдүүдээс удаа дараа цусны шинжилгээ авч, түүнийгээ гүн хөлдөөн хадгалж байгаа зэрэг явдал. Түүнчлэн Харвардын энэхүү төслийн нэр хүртэл хоёр гурван янзаар бичигдэж явааг хууль хяналтын байгууллагын шалгалтын явцад илрүүлжээ. Олон нийтэд "Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө" сэдэвт судалгааны төсөл гэдэг нэрээр танилцуулагддаг ч зарим албан бичиг, танилцуулгадаа эмнэл зүйн туршилт гэдэг нэр томъёогоор явдаг аж. Хэрвээ хүүхдүүд дээр эмнэл зүйн туршилт хийсэн бол энэ нь био ёс зүй, хүний эрхтэй холбоотой ноцтой асуудал.
Энэ төслийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ХЭҮК-ынхон уг төсөл нь эмнэл зүйн туршилт мөн төдийгүй насанд хүрээгүй хүнд туршилт хийснээрээ олон улсын гэрээ конвенцид зааснаар бол эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр болжээ гэсэн дүгнэлт гаргасан байна.
Мөн нэг ноцтой асуудал нь хүн амын дунд Д витамины дутагдал түгээмэл байгааг нэгэнт тогтоож, Эрүүл мэндийн сайд 0-3 насны хүүхдүүдэд Д витамин заавал уулгаж байх тухай тушаал хүртэл гаргачихаад байхад үүнийг заавал сургуулийн насны хүүхдүүд дээр турших ямар шаардлага байв гэдэг асуулт гарч буй юм.
Мэргэжлийн хүний тайлбарлаж буйгаар эрдэмтэд микро элемент болон аминдэмүүд хүний биед маш бага хэмжээгээр байх ёстой. Тунгаасаа хэтэрбэл сөрөг нөлөө их. Аминдэм хэрэглэх нь сүрьеэгээс сэргийлж хамгаална гэсэн сонгодог баталгаа байхгүй. Гэхдээ Д аминг дэмийн үйлчилгээ хүний биеийн дархлааг сэргээх үйлчилгээтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм байна.
Зөвлөмжөөр төгссөн төсөл
"Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө" сэдэвт судалгааны төслийг санаачлан хэрэгжүүлсэн Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор Д.Ганмаа төслийнхөө хаалтын үеэр Харвардын эрүүл хооллолтын зөвлөмжийг танилцуулж, Д аминдэмийн дутагдлыг ямар эх үүсвэрээс нөхөж болох, Д аминдэмийн дутагдал ямар аюултай талаар голлон ярьсан байна.
Тэрээр Америкийн Д аминдэмээр баяжуулсан сүүг энэ судалгаанд зориулж авчраад, судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд ганцхан сар уулгахад Д аминдэмийн дутагдал 7 хувь хүртлээ буурсан. Д аминдэмээр баяжуулсан сүү өгсөн юм чинь дутагдал нь буурах ойлгомжтой. Судалгааны үр дүнд Д аминдэмтэй сүү уулгах эсвэл Д аминдэмийг нөхөж уулгаснаар өвлийн улирал амьсгалын замын халдварт өвчин, хатгаа, томуу, томуу төст өвчин 50 хувиар буурсан. Мөн диатезтай хүүхдэд Д аминдэм уулгаснаар дахин өвчлөх магадлал буурч байгааг тогтоосон хэмээн төслийнхөө үр дүнг үнэлжээ.
8000 хүүхдээс авсан цусны шинжилгээ, гар аргаар савлан тарааж уулгасан Д аминдэмийн үр дүнг дурдаагүй аж. Бодвол, судалгаа, туршилтын төслийн тайланд энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулах бизээ. Юутай ч 8000 гаруй монгол хүүхдэд сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөөг тодорхойлох судалгаа нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжүүлсэн Монголын эрүүл мэндийн үүсгэл хэмээх энэ төрийн бус байгууллага 2014 оны есдүгээр сарын 01-нд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь УИХ-ын дарга асан М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг, тухайн үеийн БШУЯ-ны Дээд боловсролын газрын дарга асан П.Эрхэмбулган, АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар, Харвардын их сургуулийн судлаач Д.Ганмаа, Эрүүл мэндийн дэд сайн асан Ж.Амарсанаа нар ажээ.
Харин одоо энэхүү "Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө" сэдэвт судалгааны төслийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн төрийн байгууллагуудын дүгнэлтийг хүргэе.
Ажлын хэсэг алга болсон нь
Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд УИХ-ын Хууль зүйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод хамтран өнөөдөр зохион байгуулсан Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр Харвардын санхүүжилттэй дээрх төслийн талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсч, энэ асуудалд УИХ онцгой анхаарах ёстой гэдэгт хууль тогтоогчид санал нэгдсэн юм.
Ерөнхий сонсголын үеэр БСШУСЯ-ныхны мэдээлснээр тус яам энэхүү Д аминдэмийн туршилтын төсөлтэй 2014 оноос хамтран ажиллаж хот, хөдөөгийн 80 гаруй сургуулийн 9000 орчим хүүхэд дээр судалгаа хийжээ. Харин 2016 оноос хойш тус яаманд байгуулагдсан ажлын хэсэг татан буугдсан аж. БСШУЯ төсөлд хамрагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүдээс ирсэн санал гомдлыг хүлээн авч ЭМЯ-нд хандан уг гомдолд хариу, тайлбар өгөх хүсэлт гаргасан гэнэ.
Хүүхдүүдийн цуснаас 19 мянган дээж авчээ
МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчингийн мэдэгдсэнээр Монголын эрүүл мэндийн үүсгэл төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй Д аминдэмээр далд хэлбэрийн сүрьеэ илрүүлэх судалгааны ажлын талаар шалгалт хийж дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг ХНХЯ-наас өнгөрсөн жил тус газарт гаргасан юм байна. Энэ дагуу МХЕГ-аас ажлын байгуулан хяналт шалгалт хийжээ. Тухайн үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ туршилт, судалгааны төсөлтэй холбоотой хэрэг давхар шалгагдаж байсан аж.
Харин энэ оны гуравдугаар сард эцэг эхчүүдийн төлөөлөл, төрийн бус байгууллага МХЕГ-т хүсэлт гаргаснаар дахин хяналт шалгалт хийжээ. 8000 мянга гаруй хүүхдийн 19 мянга гаруй цусны дээжийг АШУҮИС-ийн нэг өрөөнд хоёр гүн хөлдөөгчид хадгалж байсныг жилийн өмнө МХЕГ-ын байцаагч лацдаж, битүүмжилсэн юм байна. Туршилт, судалгаа явуулсан Монголын эрүүл мэндийн үүсгэл төрийн бус байгууллагынхан энэхүү цусны дээжийг авах хүсэлт тавьсан боловч МХЕГ-ын ажлын хэсэг гурван ч удаа хуралдсаны эцэст уг цусны дээжийг эргүүлж өгөхгүй гэдэг шийдвэр гаргаж, энэ асуудлаар дахин Тагнуулын ерөнхий газар, прокуорын байгууллагд хандаад байгаа аж. 8000 гаруй хүүхдийн цусны 19 мянга гаруй дээж гэдэг эрүүл ахуй, халдвар, эрсдэл талаасаа ч, монгол хүний генийн мэдээллийг агуулж буй гэдгээрээ ч үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой учраас ийм арга хэмжээ авсан байна.
МХЕГ-ын шалгалтаар илэрсэн зөрчлийн хувьд Д аминдэмийг бөөн савлагаатай оруулж ирээд дамжуулан савлахад бохирдол үүссэн байжээ. Цагдаагийн байгууллагаас хоёр удаа санал тавьсны дагуу МХЕГ энэ талаар дүгнэлт гаргаж өгч байжээ.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү УИХ-ын ерөнхий хяналтын сонсгол дээр “Д аминдэмийг цаасан хайрцагтайгаар хэдэн мянгаар нь оруулж ирээд савладаг. Түүнийгээ хүүхдүүдийн гар дээр дамжуулж өгдөг. Эмийг ариутгасан вакуумжсан орчинд савлах горим алдагдсан тул тухайн аминдэмийн сав, баглаа, боодол дээрээс олон янзын бактери илэрсэн. Сүүлийн үед ХӨСҮТ болон энэ төслийнхөн АШУҮИС дээр битүүмжлээстэй байгаа цусыг авъя гэж байнга хүсэлт тавьж байгаа. Бид өгөхгүй гэхээр дарамт үзүүлдэг. МХЕГ хүнд сурталтай, дарамт шахалттай, авлига авдаг гэх мэтээр ярьдаг” хэмээжээ. Монголын эрүүл мэндийн үүсгэл төрийн бус байгууллагынхан туршилтад ашиглах Д аминдэмээ халамж, тусламж нэрээр хилээр бөөнөөр нь оруулж ирдэг гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байв.
Хүүхэд дээр туршилт хийх ёсгүй
"Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө" сэдэвт судалгааны төслийн талаар ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн мэдээллийг хүргэе.
-Энэ асуудал ХЭҮК-т ирсэн. Тодорхой хяналт шалгалт явуулсан. 2014 оноос эхэлсэн туршилт, судалгаа юм билээ. Хүүхэд дээр туршилт, судалгаа хийсэн. ХЭҮК-ын гишүүний бүрэн эрхийн дагуу Эрүүл мэндийн сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг аваад 7 хоногийн дотор хариу ирүүлсэн. Энэ үйл ажиллагааг зогсоосон. Үүний дараа бөөн хэл ам болсон. Ингээд шалгаад явсан чинь дарамт ч их ирсэн.
Цусны шинжилгээ их ноцтой. Энэ хүүхдүүдийг гурван жилийн турш туршилтад байлгахдаа сар болгон цусны шинжилгээ авсан. Энэ цус хаашаа явсан, ямар судалгаанд ашиглагдсан бэ гэдгийг би хэлээд байгаа. Шалгах явцад бактери илэрсэн. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Энэ төслийг бид зогсоосон. Гэхдээ нууцаар үүнийгээ хийгээд дуусгасан байна лээ. Тэгээд эцэг, эхэд нь турхирсан үйл ажиллагаа явуулсан. “ХЭҮК төслийг зогсоолоо. Үнэгүй аминдэм өгч байхад зогсоолоо” гэж эцэг, эхчүүдэд хэлсэн байна лээ. Гэхдээ тэд ойлгосон. Энэ бүх факт мэдээллийг эцэг, эхчүүдэд хэлсэн.
Бидэнд ирж байгаа мэдээллээр Д аминдэмийн туршилтад хамрагдсан хүүхдийн яс сийрэгжсэн, хугарсан гээд мэдээлэл ирж байгаа.
Д аминдэмийг 0-3 насныханд заавал уулгаж бай гэж Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан байдаг юм байна. Тиймээс бид “Туршаад, судлаад байх шаардлагагүй юм биш үү. Эрүүл мэндийн сайдын тушаал угаасаа гарсан юм байна” гэж тэднээс асуухаар “Үгүй, энэ орчуулгын алдаа байх” гэж бултаж байсан. Хүүхэд дээр туршилт хийдгийг болиулмаар байна. Үүнийг хатуухан хэлье.
ЭХ СУРВАЛЖ:EAGLE.MN, Г.СОНИНБАЯР