Урин дулааны улиралд хүнсний бүтээгдэхүүнийг зөв горимд хадгалах, жимс жимсгэнийг угааж хэрэглэх, гараа тогтмол угааж хэвших нь гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал аргууд юм.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс хоол хүнсээр дамжих өвчний тухай болон урьдчилан сэргийлэх зөвлөмж, хордлогын үед авах арга хэмжээний талаарх мэдээллийг бэлтгэн та бүхэнд хүргэж байна.
Хоол хүнсээр дамжих өвчин
Хоол хүнсээр дамжих өвчин буюу хүн амын дунд нэрлэж заншсанаар хоолны хордлого нь өвчин үүсгэгч аливаа нян, вирүс, шимэгчид болон төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон хоол хүнсийг хэрэглэсний улмаас үүсдэг.
Хоол хүнсээр дамжих өвчинг үүсгэж буй хүчин зүйлээс хамааран 2 ангилна. Үүнд:
1. Гэдэсний халдварт өвчин
2. Хоолны хордлого
Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, гэдэсний хижиг, кампилобактерийн халдвар, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана.
Гэдэсний халдвараар өвчлөх шалтгаан:
- Бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх;
- Халдвартай хүнтэй цуг байх;
- Бохир гар.
Хоолны хордлогын үед ихэвчлэн тухайн хоолыг идсэнээс хойш хэдэн цагийн дотор хордлогын шинж тэмдгүүд илэрдэг ба өвчилсөн хүнд голдуу бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Хоолны хордлогын шалтгаан нь гэдэсний халдварт өвчний нэгэн адил мөн хоол хүнсийг бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсантай холбоотой.
Хоолны хордлого дараах 2 төрөлд хуваагддаг. Үүнд:
1. Нянгийн гаралтай хоолны хордлого,
2. Нянгийн бус гаралтай хоолны хордлого
Нянгийн гаралтай хоолны хордлогын үед хоол, хүнсний бүтээгдэхүүн өвчин үүсгэгч нянгаар бохирдож, тухайн хүнсний зүйлд нян их хэмжээгээр үржиж хороо ялгаруулах бөгөөд улмаар уг хүнсийг хэрэглэсэн хүн өвчилнө. Нянгийн гаралтай хоолны хордлогод стафилококк нянгаар үүсгэгдэх хоолны хордлого, хиамдлын савханцар буюу клостридиум ботулинум нянгаар үүсгэгдэх ботулизм болон бусад төрлийн нянгаар үүсгэгдэх хоолны хордлогыг дурьдаж болно.
Нянгийн бус гаралтай хоолны хордлого байгалийн гаралтай хортой ургамал (хортой мөөг г.м), хортой далайн хүнс (загас, далайн нялцгай биет)-ээр үүсгэгдэхээс гадна хүнсний зүйл төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон тохиолдолд үүснэ. Эдгээр хүнс бохирдуулагч химийн бодист хүнд метал, пестицид, нитрат, нитрит, диоксин, хүнсний нэмэлт бодис зэрэг орох бөгөөд хүнсийг үйлдвэрлэх, боловсруулах, бэлтгэх явцад эдгээрээр бохирдох боломжтой. Хортой мөөгний хордлого, нитритийн давсыг хоолны давстай андуурч хэрэглээд хордох, хүнд метал болон бусад химийн бодисыг их хэмжээтэй агуулсан хоол хүнсийг хэрэглэснээр үүсэх цочмог хордлогууд нь нянгийн бус гаралтай хоолны хордлогод хамаарна.
Харин хүнд метал, пестицид, диоксин зэрэг химийн бодисыг бага тун хэмжээгээр удаан хугацаагаар хоол хүнсээр дамжуулан авсан тохиолдолд хүний биед химийн бодисын архаг хордлого үүсч, эрхтэн тогтолцооны төрөл бүрийн өвчнүүд, хавдар зэрэг алсын үр дагаварт хүргэнэ.
ГЭДЭСНИЙ ХАЛДВАР, ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ (ЗӨВЛӨМЖ)
- Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
- Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл газраас авах;
- Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацааг харах;
- Хадгалалтын нөхцөл, худалдан борлуулж буй хүний хувийн ариун цэврийг сайтар харах;
- Өндөг, зайрмаг, хиам, зайдас, салат, зууш зэрэг түргэн гэмтэх хоол хүнсийг хөргүүлгүй нөхцөлд борлуулж байвал худалдаж авахгүй байх;
- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах;
- Сав баглаа нь гэмтсэн, бөмбийлт үүссэн, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх;
- Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
- Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
- Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах;
- Мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх;
- Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодистой хамт хадгалахгүй байх
- Муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх;
- Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
- Хоолыг чанаж, гүйцэд болгож, тэр даруйд нь хэрэглэх;
- Чанаж, болгосон хоол, хүнсийг 2-оос дээшгүй цаг хадгалах;
- Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах.
- Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:
- Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа халуун бүлээн усаар савандаж сайтар угаах;
- Жимс, ногоог сайтар угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх;
- Усыг буцалгаж хэрэглэх;
- Болсон, түүхийгээр нь шуудхэрэглэх хүнснийг тус тусад нь савлах, Хоол хүнс хийх сав суулга, хэрэгслэлийг хэрэглэхийн өмнө болон дараа угааж занших;
- Хоол, хүнсийг чанахдаахамгийн гүн хэсэгт +70-90 хэмээс багагүй байхаар 30минутаас доошгүй хугацаагаар сайтар болгожхэрэглэх;
- Болсон болон түүхий хүнс бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших;
- Хоол, хүнсийг чанахдаа 30 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх;
БАРИМТЛАХ ДЭГЛЭМ:
1. Хувийн ариун цэвэр сахина: гараа тогтмол угаах;
2. Хоолны дэглэм баримтлана: Үүнд:
- Олон төрлийн амин дэм, эрдэс агуулсан хоол хүнс хэрэглэх;
- Хоол нь шингэц сайтай, хайрч хуураагүй байх;
- Өдөрт 3-с доошгүй удаа хооллоно.
Хэрэглэж болох хүнс:
- Эрдэнэ шиш ба хар талх, гурилан бүтээгдэхүүн;
- Гоймон, хүүхдийн будаа, төрөл бүрийн будаа;
- Ууранд жигнэж болгосон өөхгүй мах (үхэр, тахиа, ямаа) ;
- Чанасан загас;
- Янз бүрийн амтлагчгүй төрөл бүрийн шөл;
- Цагаан идээ,ногоо, жимс;
- Ургамлын тос маргарин;
Хэрэглэж болохгүй хүнс:
- Шарсан, тосонд чанасан боов;
- Хонь ,гахайн өөхтэй мах ,борц;
- Шарсан загас;
- Амьтны гаралтай өөх;
- Торт, шоколад, хийжүүлсэн ундаа;
- Архи, пиво
- Хурц амтлагчтай зууш
- Өтгөн кофе
- Шингэн алдалтаас сэргийлж, буцалсан ус, хорсол, шингэн баахуу, будааны шүүс зэрэг шингэн сайн уух хэрэгтэй.
Хэрэв хоол хүнстэй холбоотой дараах шинж тэмдэг илэрвэлэмчид яаралтай хандах хэрэгтэй.
- Суулгах
- Хэвлийгээр өвдөх
- Бөөлжих
- Хоолонд дургүй болох
- Халуурах
- Толгой өвдөх
Их хэмжээний мөндөр, аадар борооны усаар энгийн жорлон, бохирын цооног усаар дүүрч хальснаас, орчны бохирдолт үүсэх, улмаар өвчний дэгдэлт гарч болзошгүй тул айл өрхүүд энгийн жорлон, бохирын цооногын орчинг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, эрүүл хөрсөөр дарх, ашиглахгүй нүхийг булж дарах, шинэ жорлон барьж байгуулахдаа усанд автахааргүйгээр барих, хүнс, ус, хүмүүс хувийн ариун цэвэрт анхаарч гараа тогтмол угаах, цэвэр усаар хангах, усыг буцалгаж уух, жимс ногоог бүлээн усаар угааж хэрэглэх хэрэгтэй.
Бэлтгэсэн: НЭМХ-ийн Хоол судлалын төв