Удам таслах ЗУЛБУУЛАХ ЭМ

Хууль бус үр хөндөлт олширсон тухай манай сайт хөндөж байсан. Харин энэ удаад үр зулбуулах эмийн талаар хүргэж байна. Эруүл мэндийн тухай хуульд «Эхийн хэвлийд байгаа ургийн хөгжил гажигтайн улмаас төрүүлэх боломжгүй болон эхийн амь насанд халтай тохиолдолд гэр бүлийн гишүүд зөвшөөрсний дүнд ургийн хөгжлийг зогсооно» гэж заасан байдаг.
Харин өнөөдөр хариуцлагагүй эхийн хүсээгүй жирэмслэлтийн уршгаар олон ураг хэвлийдээ хүн болох эрхээ хасуулж байна. Хил гаалийн хяналт шалгалт сул улмаас зарын сонингуудаар үр зулбуулах эм зарна гэх өгүүлбэр харагддаг. Хамгийн гол нь зах зээл байгаа болоод л Замын-Үүдээр эм орж ирээд байна. Сүүлийн жилүүдэд үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн нас залуужиж 14-18 насны охид олонх хувийг эзлэх болжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд 30 гаруй мянган эмэггэй үр хөндүүлсэн гэсэн статистик тоо баримт гарсан байна. Хүн ам багатай манай улсад дэндүү их тоо. үр хөндөлтийн хор уршгийг тайлбарлах ч илүүц биз. Дахин хүүхэд тээх боломжгүй болох, эмэгтэйчүүдийн өвчин үүсэх гээд л ар араасаа асуудал хөвөрнө.
Олон улсын байгууллага болон төрөөс хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээ авсаар байгаа ч «Миний хүсээгүй хүүхэд» хэмээн үр хөндүүлсээр л байна. Цаашид ч ийм үзэгдэл үргэлжилнэ.
Эрүүл ахуйн стандартын баталгаагүй үр зулбуулах эм гадуур их хэмжээгээр худалдаалагдаж байгаагаас охид, бүсгүйчүүд хуурамч эмэнд хордож эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болжээ.
Нөгөөтэйгүүр хил гаалиар хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй дээрх төрлийн эмийг хулгайгаар оруулж ирдэг иргэд нэмэгдсэн байна. Чанарын шаардлага хангахгүй хуурамч эмийг ихэвчлэн «Нарантуул» зах болон бусад томоохон захуудад хямд үнээр борлуулдаг сүлжээ бий болсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар олонтаа илрүүлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. 
Тодруулбал, өнгөрсөн сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрнаас “үр зулбуулах эм ууж, дутуу төрсөн эмэгтэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдэн ирсэн гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Уг хэргийг шалгахад 22 настай эмэгтэй “Нарантуул” захаас БНХАУ-д үйлдвэрлэсэн үр зулбуулдаг эмийг уугаад цус алдаж ЭХЭМҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгдэн иржээ. Хэдийгээр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж үр зулбуулах үйлчилгээтэй эмийг гар дээрээс худалдан авахгүй байх, интернетээс захиалан авахгүй байхыг анхааруулсан ч ямар ч үр дүнгүй байгаагийн нэг жишээ нь дээрх 22 настай эмэгтэй. 
Өөрөөр хэлбэл, одоо ч энэ төрлийн бизнес зогсохгүй, харин ч гар дээрээс борлуулагч иргэдийн арга улам нарийсч байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд хэлж байлаа.
Хуурамч эмийн хор уршгийн талаар эмч мэргэжилтнүүдээс тодруулахад “Сүүлийн үед амьдралын боломж тааруу охид, бүсгүйчүуд хуурамч эм ууснаас үүдэн хордох, амь насаа алдах тохиолдол олон гарч байна. Ихэнх нь «Мизопростол», «Мифепристон» гэх нэртэй эм ууж хордсон. Дээрх эмүүдийг урд хөршид үйлдвэрлэсэн. Мөн үнийн хувьд хямд байдаг. Хамгийн гол нь хил гаалийн хяналт сул байгаагийн улмаас хуурамч эмнүүд хар зах дээр гар дээрээс их хэмжээгээр худалдаалагдаж байна” гэх хариулт өглөө.
Дээрх эмийг уусан эмэгтэйчүүд цус их хэмжээгээралдаж, хордлогод ордог аж. Мөн хүүхэд төрүүлж чадахгүйд хүрдэг, амь насаа алддаг байна. Тухайлбал, өнгөрсөн онд дээрх эмийг уусан хоёр эмэгтэй саваа авхуулан эрүүл мэндээрээ хохирсон эмгэнэлтэй мэдээллийг бид хүргэж байсан. Угтаа бол тэд «Микопростол» эм ууснаас цус алдан нэгдүгээр эмнэлэгт ухаангүй хүргэгдэн иржээ. Тухайн үед эмч нар тэднийг хүүхэд төрүүлэх чадваргүй болсон гэж үзсэн юм.
Судалгаанаас харахад энэ эмүүдийг оюутан охид, бэлгийн боловсрол, мэдээлэл муутай алслагдмал газрын эмэгтэйчүүд хэрэглэдэг бөгөөд дийлэнхийг нь Эрээнээс бараа зөөдөг наймаачдаас авдаг гэсэн байна.
Ямартай ч хяналт шалгалт хийх тогтолцоо буруу байгаагаас амьдралын боломж тааруу олон эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдсаар байна.
Зөвшөөрөлгүй эмийн худалдаа эрхэлж байгаад баригдсан иргэнийг Эрүүтийн хуулийн 198 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэдэг заалт өнөөдөр зөвхөн цаасан дээр л байсаар, хэзээ хэрэгжих нь тодорхойгүй. 
Эцэст нь зүүний үзүүр дээр тогтсон ховор хувь завшааныг олсон алаг үрсийг хөнөөх нь уучлашгүй нүгэл хэмээдэг гэдгийг охид бүсгүйчүүдэд дахин сануулахад илүүдэхгүй биз ээ.
Erennews.mn скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан