“Виферон лаа”-ны тухай


Вифероны төрлийн бэлдмэлүүд нь эмийн үйлчилгээний ангиллаараа вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй эмийн бүлэгт хамрагддаг.
~ Тосон түрхлэг
~ гель
~ лаа гэсэн 3-н хэлбэрээр үйлдвэрлэгддэг. ОХУ-н Ферон фирмийн бүтээгдэхүүн.
Найрлагадаа хүний альфа2-б интерферон, С болон Е амин дэмийг агуулдаг. Хүний альфа2-б интерферон нь дархлаа дэмжих, вирусын үржлийг зогсоох үйлчилгээтэй бол С болон Е амин дэмүүд нь биеийн эсэргүүцлийг сайжруулж үрэвсэл намжаах, исэлдэлтийн эсрэг, бодисын солилцоог сайжруулах үйлдэлтэй.
Бидний өргөн хэрэглэх болсон лаа нь доорх эмгэгүүдийн үед эмчилгээг дэмжих нэмэлт хавсралт болон хэрэглэдэг.
1. Вирусын шалтгаант ханиад томуу, уушгины хатгаа, ларингит буюу хоолой боох, сөөх өвчний үед
2. Дутуу төрсөн болон гүйцэд нярайн халдвар үрэвсэлт өвчнүүд тухайлбал, менингит, цусны үжил, ургийн халдварын үед
3. Архаг В,С, Д элэгний үрэвсэл, элэгний хатуурлын үед
4. Бөөр, шээсний замын халдварт болон үрэвсэлт өвчнүүдийн үед
5. Арьсны хомхойн үед хэрэглэнэ.
Гель болон тосон түрхлэгийг амьсгалын замын вирусын цочмог болон архаг халдварын үед, мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.
Дээрх хэлбэрүүдийг бүх насны хүүхдүүд болон насан хүрэгчид, хөхүүл эхчүүд хэрэглэх боломжтой. Нийлэг аргаар гаргаж авсан уг бэлдмэл нь тунг тохируулж хэрэглэхгүй бол эрүүл мэндэд хортой тул эмчийн заавраар хэрэглэнэ.
Анхаарах нь:
Жирэмсний 14 долоо хоног хүртэл хэрэглэж болохгүй!!! 
Дээр дурдсанчлан Вифероны бүлгийн бэлдмэлүүд өвдсөн үед дархлаа дэмжих үрэвслийн эсрэг үйлдлээ дангаараа гүйцэтгэх боломжгүй заавал өөр эмчилгээтэй хавсарч байж үр дүнд хүрдэг бөгөөд хэдий урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болох боловч тогтмол хэрэглэхэд үнэтэй бас төвөгтэй байдаг.
Жишээ нь:
Виферон лааг өдөр бүр хошногоор хийгээд байх нь хүүхдэд тавгүй, баас шингэрэх, чацга алдах хошногоны амсар үрэвсэх гээд олон үр дагавартай байдаг. Тиймээс хүүхдээ эмчид үзүүлж ямар тунгаар аль хэлбэрийг нь хэрхэн ямар хугацаагаар хэрэглэхийг заалгаж хэрэглээрэй. 0-6 сартай хүүхэд эхийн сүүгээрээ өвчнүүдийн эсрэг тэмцэх дархлаагаа дамжуулж авдаг тул хөхөөрөө тогтмол хооллох, харшил экзем, тураал рахит буюу сульдаа өвчин гэх мэт суурь өвчнүүдийн шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг эмчээр шалгуулж тохирох асаргаа сувилгаа, Д витамины тунг тухайн хүүхдэд онцлогт нь тааруулж уулгахад л хангалттай байдаг. Мөн хөхүүл ээж сүүгээ өтгөн чанартай байлгах тал дээр анхаарч өөрөө өвдөж ядрахгүй шаардлагатай амин дэм хэрэглэж стресст бага өртөж, сайн унтаж амарч байхад л анхаарах хэрэгтэй.
6 сараас 2 нас хүртэлх хүүхдүүд нэмэлт хоол буюу манай ээж, аав нарын хэлж заншсанаар бор хоолонд зөв оруулж насны онцлогт тохирсон тэжээллэг хоол хүнсээр хооллон, өсөлт бойжилтын онцлогоос шалтгаалан шаардлагатай амин дэм эрдсүүдийг нэмэлтээр өгч байвал дархлаа сайтай вифероныг заавал хэрэглэх шаардлагагүй.
Харин ханиад томуу, салхин цэцэг, улаанбурхан, гахайн хавдар гэх мэт вирусын шалтгаант халдварт өвчнүүдийн дэгдэлт болж бүх нийтийг хамарч байгаа үед, хүүхдээ олон нийтийн газар авч явахдаа халдвараас сэргийлэх зорилгоор гель болон тосон түрхлэгийг хүүхдийн хамар дор болон тагнайд түрхэн хэрэглэж болно.скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан