-Дэлхийд гурван хүн тутмын нэгд тохиолддог даралт ихсэх өвчинг том тахал хэмээдэг-
Олон улсын даралт ихсэлтийн нийгэмлэгээс дэлхий даяар артерийн даралт ихсэлт өвчний талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, даралтын хяналтыг сайжруулах зорилгоор 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарласан.
Тэр дундаа дэлхий нийтээрээ цусны даралт ихсэлттэй тэмцэх өдөр буюу тавдугаар сарын 17-нд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Дэлхий дахинд жил бүр 9.4 сая хүн даралт ихсэлт өвчний хүндрэл болох зүрхний шигдээс, тархины цус харвалт зэргээс болж нас бардаг байна.
Нөгөөтэйгүүр, дэлхий дээрх насанд хүрсэн хүн амын гуравны нэгд тохиолддог даралт ихсэх өвчин нь хүн төрөлхтөний түүхэнд мэдэгдэж байгаа хамгийн том тахал юм.
Манай улсад зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал, зуун мянган хүн амд ногдох тархины цус алдах хэлбэрийн цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий.
Эдгээр тоо баримт нь нийт хүн амын дунд цусны даралт ихсэлтээс сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягыг дэмжин дэлгэрүүлэх, цусны даралт ихсэлттэй хүмүүсийн эмчилгээ, хяналтыг сайжруулах нэн тулгамдсан шаардлага байгааг харуулж байна.
Даралт ихсэх, цус харвахаас сэргийлэх ЗӨВЛӨГӨӨ
Долоо хоногт хоёр удаа артерийн даралтаа хэмжихэд дээд даралт 140, доод даралт 90-ээс ихэссэн бол артерийн даралт ихэссэн гэж үзнэ. Нарны хэт халалтын нөлөөгөөр бүх биеийн судас тэлснээр цусан хангамж хомсрох шалтгаан болж харвалтын эрсдэл нэмэгддэг. Мөн хөлс ихээр ялгарснаас биед шингэн дутагдаж, цус өтгөрнө. Цус өтгөн байх нь тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИНД:
- Голдуу 45-аас дээш насны
- Артерийн даралт ихсэх өвчтэй
- Тарган
- Тамхи, архи хэрэглэдэг
- Чихрийн шижин өвчтэй
- Халуунд ажилладаг хүмүүс өртөх эрсдэлтэй.
ЖИМС, НОГОО ТҮЛХҮҮ ХЭРЭГЛЭ
- 40-өөс дээш насныхан цусны даралтаа тогтмол хянах
- Цусны даралт ихдэх болон чихрийн шижин өвчтэй бол эмээ тогтмол уух, гадуур гарахдаа биедээ авч явах
- Нарнаас хамгаалах шил, саравч, малгай хэрэглэх
- Хэт хүйтэн ус уух, хүйтэн усанд орох нь тэлсэн судсыг гэнэт агшаах эрсдэлтэй тул татгалзах
- Уурлаж бухимдахгүй байх
- Өөх тос ихтэй хоол, архи, согтууруулах төрлийн ундаа болон их махнаас татгалз
- Жимс, ногоо түлхүү хэрэглэ
- Онцын шаардлагагүй бол гэрээс гарах хэрэггүй.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар