Хөгжимт эмчилгээ дутуу төрсөн нярайн жин нэмэлтийг сайжруулжээ

ЭХЭМҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасаг 2016 оноос эх барихын практикт хөгжимт эмчилгээг нэвтрүүлсэн юм. Энэхүү эмчилгээний өрөөг нээж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан гурван жилийн хугацаанд 4,013 жирэмсэн эх, 8,925 эмэгтэйд үйлчилгээ үзүүлжээ. Хөгжимт эмчилгээг эрүүл мэндийн бүх салбарт хэрэглэх боломжтой гэдгээрээ онцлог бөгөөд дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын судалгаан дээр үндэслэн эрчимтэй хөгжиж байна.
Тус эмчилгээний гол зорилго жирэмслэлт, ургийн эрүүл тээлт, хэвийн амаржихад нөлөө үзүүлэх бөгөөд эерэг үр дүн өгч байгаа аж. Мөн өртөг багатай, эсрэг заалтгүй, гаж нөлөөгүй, хэрэглэхэд хялбар, сэтгэл ханамж өндөртэй эмчилгээний арга гэдгийг энд дурдах нь зөв байх.
СЭРГЭЭН 3ACAX ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ НЬ ХӨГЖИМТ ЭМЧИЛГЭЭГ: Жирэмсэн үед (ураг, жирэмсэн эх) Төрсний дараах үед (сэтгэл гутрал ) Дутуу нярайд Цэвэршилтийн хам шинжийн эмчилгээний үед Үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд Мэс заслын эмчилгээний өмнө ба дараа хийж байна. Ингэхдээ хөгжмийг сонсгож, тоглуулж, дуулуулж, хөгжимт орчинд зөвлөлдөж ярилцах зэрэг олон техникийг ашигладаг байна.
ПРЕНАТАЛЬ ҮЕИЙН ХӨГЖИМ ЭМЧИЛГЭЭ
Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил, хэт төвлөрөл, агаарын бохирдол, хотжилт, үйлдвэржилт, нийгмийн стресс бухимдалтай холбоотойгоор эх барихын эмгэг, ураг нярайн гажиг, жирэмсэн эхчүүдэд сэтгэл гутрал, нойргүйдэл илүүтэй ажиглагдах болсон. Тэгвэл хөгжимт эмчилгээг тодорхой орчинд, 434 Гц- ийн давтамжтай, сонгодог хөгжмийн оновчтой аялгуунаас сонгон сонсгоход маш их үр дүнтэй нөлөөллийг үзүүлдэг болохыг Сэргээн засах эмчилгээний тасгийнхан хэлж байна.
Жирэмсний хоёрдугаар хагаст ургийн чих бүрэн хэлбэрээ олдог тул ганцхан эхийнхээ ч биш хөгжмийн зэмсгийн дуу авиа, бусад төрлийн дуу авиаг сонсдог гэнэ. Жирэмсэн эх стресстэх үед кортизол даавар ихээр ялгаран ихсийн хоригийг нэвтэрч урагт мөн стресс үүсгэдэг. Харин хөгжимт эмчилгээний үед эхээс серотонин, эндорфин ихээр ялгарч, эдгээр дааврууд нь ихсийн хоригийг мөн адил нэвтэрч чадах бөгөөд “аз жаргалын” даавар хэмээн нэрлэдэг учир жирэмсний сүүлийн гурван сард өдөрт 1-2 удаа хийлийн намуухан аялгууг сонсож байгаарай.
Ингэснээр хүүхдийн хөдөлгөөн идэвхтэй, хэл ярианы хөгжил сайн, танин мэдэхүйн чадвар өндөр болдгийг хөгжим судлаач Дон Кампел судалгааны олон арван бүтээлдээ туурвисан байдаг юм. Пренаталь хөгжим нь хүүхдийн дуу авиа мэдрэх тогтолцоо буюу сонсох, нэгтгэн дүгнэх, үсгийн авиа хэлэхэд хүүхдийг бэлтгэдэг байна. Ураг нь ээжээсээ хэрхэн ярихыг болон дуулахыг суралцдаг бөгөөд дуулах нь ярихаас илүү урагт хүрч ургийн ирээдүйн зан байдал болон суралцах чадварт нөлөө үзүүлдэг байна.
Пренаталь хөuжим эмчилгээний үед эхийг хөгжим сонсгож түүгээр дамжуулан дотоод хэмнэлийг нь удирдаж ургийн хөдөлгөөн, зүрхний цохилтын өөрчлөлт зэргийг үнэлнэ. Энэ нь эхийн стрессийг бууруулж, төрөлтөнд эхийг бэлтгэхэд сайнаар нөлөөлдөг аж. Пренаталь үед эх ургийн холбоо хамгийн чухал. Энэ холбоог дуу авиа болон хөгжмөөр л сайжруулж болдог гэж ЭХЭМҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасгийн эмч нар хэлж байна.
ДУТУУ ТӨРСӨН НЯРАЙД ХИЙГДЭХ ХӨГЖИМ ЭМЧИЛГЭЭ
Хөгжим эмчилгээ нь 37 долоо хоногоос бага тээлтийн настай нярайн хөгжил болон өсөлтөд маш чухал нөлөө үзүүлдэг байна. Нярай үеийн стрессийг бууруулна. Амьсгалах үйл явц хүчил төрөгчийн ханамжийг сайжруулна. Ээжийнхээ хөхийг эрүүл хөхөх үйл явц нярайн жин нэмэлт сайжирна. ЭХЭМҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасаг нь “Эх барих эмэгтэйчүүдийн практикт хөгжим эмчилгээг жирэмсэн үеийн стресс, нойргүйдлийн эмгэгт хэрэглэсэн нь” сэдэвт судалгааг хийсэн байна. Энэ судалгаанд тус тасгаар үйлчлүүлсэн жирэмсэн үеийн сэтгэлзүйн хямрал, нойрны хямралтай гэх шалтгаантай амбулатори, стационарт эмчлүүлж буй 156 жирэмсэн эх хамрагджээ.
Эхчүүдийн стрессийн түвшинг Эдинбургийн сорилоор тогтоож мэдээллийг авсан. Эдинбургийн сорил эерэг буюу 11-ээс дээш оноотой 94 эмэгтэйг 7-20 хоног хөгжим эмчилгээнд хамруулсны дараа дахин Эдинбургийн шалгуураар үнэлэн үр дүнг тооцоход дундаж оноо 3.5-аар буурч эмчилгээ эерэг нөлөө үзүүлж стрессийн түвшинг бууруулж, нойрны байдалд эергээр нөлөөлжээ. Мөн хөгжим эмчилгээнд орсон жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүдийн сэтгэл ханамж өндөр байсан аж.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" өдөр тутмын сонин 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан