ЭХЭМҮТ-д нэг сая юанийн тоног төхөөрөмж хандивлав

БНХАУ-ын Сон Чин Лин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр ЭХЭМҮТ-д 1 сая юаны өртөгтэй эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах үйл ажиллагаанд тасралтгүй байнга ашиглагддаг дуслын автомат шахуурга, зүрх амьсгалын үйл ажиллагааг хянадаг мониторинг зэрэг 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж хандивлах батламжийг  ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөрд гардууллаа.
 
 Энэхүү үйл ажиллагаанд БНХАУ-ын Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй, дэд Ерөнхийлөгч Ю Чан,  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин,   БНХАУ-ын Тун Рен эмнэлгийн захирал Вэй Вэнбин,  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол ардын намын НБГ-ын дарга Б.Баярбаатар, ГХХ-ийн дарга Х.Сайхансанаа, Эрүүл мэндийн яам, ЭХЭМҮТ-ийн эмч эмнэлгийн ажилчид оролцлоо.
 
 
 Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ БНХАУ-ын Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй тантай дахин уулзаж байгаадаа  баяртай байна.

БНХАУлс болон Монгол улсын Эрүүл мэндийн яамд хооронд 1991-1995; 2004-2008; 2008-2012; 2012-2016 онуудад хамтын ажиллагааны төлөвлөгөөг байгуулан ажиллаж байсан бөгөөд  2017 онд  “Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулан халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, телемедицин, цахим эрүүл мэнд, эрүүл мэндийн инноваци, технологи; уламжлалт анагаах ухаан, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн яаралтай үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, цусны аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.  

Мөн эмчилгээний баг харилцан солилцох, хөрөнгө оруулалалт, эмч мэргэжилтний сургалт, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, буцалтгүй тусламжийн хүрээнд  Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд гажигтай 0-1 насны нярай болон амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн бага насны нийт 100 хүүхдийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын Хүүхдийн зүрхний мэс заслын томоохон эмнэлгүүдэд үнэ төлбөргүй мэс засалд хамруулж байна. Хоёрдугаар ээлжийн 19 хүүхэд 2018 оны 11 дүгээр сард Хөх хотын эмнэлгүүдэд эмчлэгдсэн зэрэг олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байна.
 
Ийнхүү Монгол улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй БНХАУ-ын Засгийн газар,  тэр тундаа Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй танд Монгол улсын Засгийн газар, ард иргэд, тэр тусмаа Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье.  Манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Эх сурвалж: ЭМЯ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан